Элчин сайд Алексей Николаевич Евсиков: Монгол Улсад  2000 гаруй орос иргэн саналаа өгч байна

Б.ТУУЛ

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжилж байна.

Монгол Улсад ажиллаж, амьдардаг болон түр оршин суудаг ОХУ-ын 2000 орчим иргэн байдаг учраас сонгуулийн санал хураалтыг биечлэн авах хоёр төв ажиллаж байна.

Сонгуулийн санал хураалт  өнөөдөр албан ёсоор эхэлж,  Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт байрлаж байгаа сонгуулийн төвд иргэдийнхээ саналыг өглөөний 08:00 цагаас авч эхлээд байна. Сонгуулийн санал  хураалт  орой 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сонгуульд оролцогчдын идэвх оролцоо  харьцангуй сайн байгааг гэдгийг албаныхан хэлж байлаа.  

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж байгаа Владимир Путин нар өрсөлдөж байна. 

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсад анх удаа цахимаар санал өгөх хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд санал асуулгыг 29 бүс нутагт явуулж байгаа аж.  Харин гадаадын өөр улс оронд амьдарч буй орос иргэд сонгуулийн төвд саналаа биечлэн ирж өгч байгаа нь энэ юм.

Сонгуулийн үйл явцаас ажиглахад Монгол Улсад ажиллаж амьдарч буй орос иргэд, мөн аялалаар болон албан ажлаар түр ирсэн орос иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ялангуяа, 18-30 хүртэлх насны залуус, залуу гэр бүл, ахмад настнууд гээд иргэдийн идэвх оролцоо аль ч насныхан дунд өндөр байна.

Мөн сонгуулийн байранд бага, дунд насны хүүхдүүдээ дагуулж ирээд гэр бүлээрээ сонгуульд саналаа өгч буй эцэг, эхчүүд цөөнгүй байлаа.  

Энэ нь хүүхдэдээ багаас нь улс төр, сонгуулийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх, сонгуулийн санал хураалтын үр дүнгээр бидний өдөр тутмын амьдрал болон улс орны олон чухал асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэг бүхий хүн сонгогддог гэдгийг ойлгуулж, гэр бүлээрээ  сонгуульд ач холбогдол өгч байгаа нь ажиглагдаж байв.  

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков энэ өдөр 11:00 цагаас сонгуулийн төвд хүрэлцэн ирж саналаа өгсөн юм. Монгол Улсад томилогдон ажиллаж буй 29 дэхь удаагийн Элчин сайд Алексей Николаевич Евсиковоос ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, Монголд амьдарч буй орос иргэдийн сонгуулийн идэвх оролцоо, санал хураалтын нэгдсэн дүн мэдээллийн талаарх зарим мэдээллийг тодруулсан юм. 

Монгол Улсад  2000 гаруй орос иргэн саналаа өгч байна

ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков:

-Монгол Улсын нутаг дэвсгэрт 2000 гаруй орос иргэд саналаа өгч байна. Ирц хангалттай сайн байна. Саналаа өгөх иргэд сонгуульдаа маш идэвхтэй оролцож байна. Монгол Улсад ажиллаж амьдардаг, саналаа өгөх боломжтой орос иргэдийн 4/1 орчим хувь нь өглөө ирж саналаа өгсөн байна. Гадны улс оронд амьдарч буй орос иргэдийн хувьд тухайн улс орны байр суурь ОХУ-ын эсрэг биш бол дипломат харилцаатай  улс оронд бид сонгуулийн санал хураалтыг хэвийн үргэлжлүүлж байгаа.

Харин Балтикийн улс орнууд, Латви, Истоны улсын хувьд тухайн улс орны нутаг дэвсгэрт сонгууль явуулах боломжгүй учраас ОХУ-ын санал хураах автобус тухайн улсын хил дээр очиж үйлчилж, орос иргэдийн саналыг авч байна. Монгол Улсын хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг авах хоёр төв ажиллаж байгаа.

Улаанбаатар хот болон Дархан Уул аймагт сонгуулийн төв ажиллаж байна.   Энэ жил ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна.  Энэ удаагийн  сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн мэдээгээр ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч, Владимир Путин санал хураалтыг тэргүүлж байна. Сонгуулийн санал хураалтыг ОХУ цахим болон цаасан хэлбэрээр гээд хэдэн хэдэн хувилбартай зохион байгуулж байгаа учраас эхний дүн мэдээллийг бид 90 хувийн магадлалтайгаар Даваа гаригт сонсох болов уу? 

Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад. Улаанбаатар хотод явуулын хайрцаг ажиллаагүй. Харин Дархан хотод явуулсан. Эрдэнэт хотод ойролцоогоор 150 гаруй  орос иргэн амьдарч байгаа учраас явуулын хайрцагийг ажиллуулсан байгаа, энэ ажлыг Ерөнхий Консулын газрын ажилтнууд хариуцан явуулсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.156)