Нийслэл 5 буудал, Чингэлтэй, Хайлааст орчмын гэр хорооллыг орон сууцжуулна
Б.ОРГИЛ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоодын бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл арга хэмжээ, бусад асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хуралдааны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гадаад, дотоод бондыг босгож чадах юм бол түүгээрээ юу хийж, хэрхэн төлөх талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрээр, дотоод бондын тухайд бид 500 тэрбум төгрөгийн бонд гаргана. Үүний 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар бондоо гаргана. Мөн 150 тэрбум төгрөгөөр нь Улаанбаатар хотын хагарсан замыг засахаар зураг төсөл хийгдээд байгаа. Ер нь, үүний эргэн төлөлт тийм ч хүндрэлтэй зүйл биш. Бид жилдээ 77 тэрбум төгрөгийг замын сангаас буюу замаар зорчсон авто машинаас авдаг. Ингээд 2025, 2026 он гээд хоёр жил хийх ажлаа нааш нь татаж, орон нутгийн, дотоодын бонд байдлаар санхүүжүүлээд хийчихвэл эргэн төлөлт нь замын сангаас хийх боломжтой.
50 тэрбум төгрөгөөр нь “Туул 1” коллекторыг санхүүжүүлэх шаардлагатай байна. Энэ 18 жил болж байгаа төсөл. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоор болсон ч шинэ цэвэрлэх байгууламж руу очих шугам барьж дуусаагүй байгаа нь бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Үлдэж байгаа 10 тэрбум төгрөгөөр нь дулааны 11 г,д гэдэг шугамыг санхүүжүүлнэ. Үүнийг мөн арав гаруй жил барьж байгаа. Төгсгөл нь Саппород ирчихсэн. Холбох цэг нь Өгөөжийн уулзварт ирэхээр байна. Ингэснээр Бага тойруу дотор дулаан хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Удахгүй НИТХ болон Сангийн яамаар бүрдэл хангаад Засгийн газрын хуралдаанд ямар ч байсан гадаад бондыг оруулж ирэх нөхцөл бүрдсэн.
Бид гадаад бондоор Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажлыг хийж хэрэгжүүлснээр “5 буудал”, “Чингэлтэй”, “Хайлааст”, “Дэнжийн 100”-ийн хойд хэсгийн айлуудыг бүхэлд нь газрыг нь орон сууцаар солих нөхцөл бүрдэж байгаа.
Энэ тохиолдолд 800 орчим мянган га газар нийслэлийн өмчид ирж, барилгын компаниудад дуудлага худалдаагаар газрыг зарах байдлаар бондын эргэн төлөлтийг хийх төлөвлөлт хийсэн гэв.