Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын хаант улсад айлчилна
Б.ТУУЛ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд болон улс төр, бизнесийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Тайландын Хаант Улстай өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.