Халх голын дайны тухай АНУ-ын цэргийн түүхчийн тэмдэглэл

Caption

 АНУ-ын цэргийн түүхч, доктор Шервүүд Кордейрын 2003 онд хэвлүүлсэн Халхын голын дайны талаарх сонирхолтой тэмдэглэлийг товчлон хүргэж байна.

....Монголын зүүн хязгаарын цөлд 1939 оны таваас есдүгээр сарын хооронд ЗХУ болон Японы хооронд ширүүн тулалдаан болсон. Дайтагч талуудын сөргөлдөөн маш гүнзгий байсан юм.

Япончууд 1931 онд Манжуурыг эзэлж, эзэн хааны маршийг сэргээв. Дараа нь Манж-Го тоглоомын улсаа байгуулав. Ингээд 1937 онд Японы эзэн хааны арми Хятад руу довтолж Шанхай, Нанкин хотуудыг эзлэв. Энэ үеэр 1936 онд Герман, Японы хооронд “Коминтерний эсрэг гэрээ” байгуулагдсан нь ЗХУ-ыг түгшээж эхэлжээ. Иймд 1937 онд ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин болон Хятадын Гоминданы Засгийн газрын тэргүүн Чан Кайши нарын байгуулсан гэрээний дагуу Орос нь Хятадад цэрэг, санхүүгийн тусламж үзүүлэхээр болов. Удалгүй ЗХУ-ын 450 орчим нисгэгч, техникч нар 225 байлдааны нисэх онгоцны хамтаар Хятадад ирэв.

Энэ үед Манж-Го болон ЗХУ-ын 4800 километр орчим үргэлжлэх хилийн маргаантай асуудлаас болж 1932 оноос хойш хэдэн зуун хүн тэнд амь үрэгдээд байв. 1938 оны зун Владивосток хотоос 110 километр гаруй зайд орших Манж-Го улстай хилийн маргаантай зурвасын уулзвар Хасан нууранд ЗХУ болон Японы армийн хооронд томоохон мөргөлдөөн болов.

 ЗХУ тухайн үед Алс дорнод ба Сибирьт онцгой ач холбогдол өгч байв. Учир нь Транссибирийн төмөр зам нь тэднийг Европтой холбох цорын ганц гүүр байв. Харин тэдний хувьд Гадаад Монгол нь Транссибирийн төмөр замыг бүрэн хяналтдаа байлгах стратегийн гол түшиц газар болж байлаа. Энэхүү амин чухал судсаа хамгаалахын тулд Зөвлөлтүүд Бүгд Найрамдах Монгол Ард улсад тусалж, 1936 онд харилцан туслалцах гэрээ байгуулагдав.

Манжуурт байх Японы хэсэг бүлэг хүмүүсээс бүрдэх Сибирьт цохилт өгөх сонирхолтой “Хойд цохилт” фракц бий болж ирсэн нь тус бүс нутагт хурцадмал байдал үүсэж эхэлж байгаагийн нэг дохио болж байв.

“Хойд цохилт” фракцынхан эхлээд Сибирийн урд буй Монголыг бүхлээр нь эзлэн транссибирийн төмөр замын сүлжээг авснаар Манжуурын байгалийн баялгийг түшиглэн томоохон үйлдвэрүүдийг хөгжүүлэх санааг дэвшүүлжээ. Мөн Монголыг эзэлж эрх мэдлээ тогтоох нь Зөвлөлтийн тусламж дэмжлэгийг зогсоож Хятадын дотоод эсэргүүцлийг дарах давхар ач холбогдолтой гэж төлөвлөж байв. Ингээд Япончууд Халх голыг Манж-Го улсын баруун хил гэж тодорхойлов.

Харин Зөвлөлтүүд манай хил хязгаар нь Халх голоос зүүн тийш 24 километр зайд орших Номунхан тосгон гэж маргаан үүсгэсэн юм. Квантуны арми тухайн үед өөрсдийгөө тус бүс нутагт сөргөлдөөн үүсвэл логистикийн асар давуу талтай гэж үзэж байжээ. Учир нь Японы төмөр замын сүлжээ Номунхаанаас 160 километрийн зайд байрлаж байсан юм.

Харин нөгөө талд Номунхаанаас хамгийн ойр байх Оросын төмөр зам 985 километрийн зайд байрлаж байв. Тиймээс Япончууд хэрэв энд дайн болбол Оросууд хоёр дивизээс илүү явган цэрэг авч ирж чадахгүй гэдэгт итгэлтэй байжээ. Үүний дээр Япончууд 1935-1937 оны хооронд Сталины явуулсан их цэвэрлэгээний үеэр Оросын хамгийн шилдэг офицерууд үгүй болж өөрсдийгөө дотроосоо хагалж байгаа гэж тооцоолж байсан аж.

Ингээд Халхын голын урд болон хойд талд байлдааны фронт өрнөж эхлэв. Газар зүйн тогтцын хувьд Халх голын зүүн хэсэг нь толгод бол баруун хэсэг нь өргөн уудам элсэн цөл юм. Цаг агаарын хувьд долоогоос найман сарын хооронд цельсийн нэмэх 40 хэм хүртэл халдаг. Гадаргын усны гарц тийм сайнгүй учир аль, аль армийн хувьд ус цэвэршүүлэх, ундны усны нөөц том асуудал болж байжээ. Үүний дээр үй олноороо сүрэглэсэн шумуул хоёр талын цэргүүдийг амьдаар нь тарчлааж байв.

Квантуны арми давшилтаа 1939 оны тавдугаар сард эхлүүлж Монгол-Манж-Го улсуудын хооронд цуврал тулалдаанууд болов. Үүнийг Зөвлөлтүүд “Халхын голын мөргөлдөөн” гэдэг бол Япончууд “Номунханы тулгаралт” гэж тэмдэглэжээ.

Японы XXII явган цэргийн дивиз тавдугаар сарын 14-нд байлдааны онгоцнуудын дэмжлэгтэйгээр давшилт хийх тушаал авчээ. ЗХУ – Японы хооронд хамгийн анхны томоохон тулгаралт тавдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд болов. Хоёр талын хүч эн тэнцүү байв. Үүний дараа Япончууд Генерал Мичитаро Комацубарагийн удирдлага доор дахин зохион байгуулалтад орж 20.000 цэрэг, 112 артилерын бүрэлдэхүүнтэйгээр улам хүчирхэгжив.    

Энэ бүхнээс өмнө буюу 1936 оны гуравдугаар сарын 1-нд Иосиф Сталин АНУ-ын сурвалжлагч Рой Ховардад ярилцлага өгөх үеэрээ Япончуудад хандан “Хэрэв БНМАУ-ын газар нутагт халдах аваас Зөвлөлтүүд өөрсдийн холбоотнууддаа шууд тусламж үзүүлэх болно” гэж анхааруулсан аж. Тэрээр энэхүү анхааруулгыг 1939 оны гуравдугаар сарын 10-нд болсон  Коммунист намын XVIII их хуралд үг хэлэх үеэрээ ахин тодотгосон юм.

Ингээд зургадугаар сарын 2-нд Сталины хэлмэгдүүлэлтээс амьд үлдсэн цөөн хэдэн цэргийн өндөр албан тушаалтнуудын нэг болох Генерал Георгий Жуков Халхын гол дахь Зөвлөлт – Монголын цэргүүдийг удирдахаар томилогдов. Уг дайны өндөр ач холбогдлоос шалтгаалан генерал Георгий Жуков Халхын голд болж буй үйл явцыг ЗХУ-ын удирдагч Иосиф Сталинд шууд тайлагнах тушаал авчээ.

Халхын голын дайн эхэн үедээ агаарын зурвасаа хангах зорилготой агаарын тулалдаануудаар өрнөв. Эхэн үедээ агаарын тулалдаануудад Япончууд давуу талтай байв. Учир нь Японы нисгэгчид Хятадад удаа дараа тулалдсан туршлагатай дайчид байжээ. Үүний дээр Японы армийн нисэх хүчинд 1939 оны хавар маш хурдтай, маневр хийх өндөр чанартай “Накажима Ки-27” моно-план сөнөөгч онгоцнууд дөнгөж нэвтрээд байсан нь тэдэнд давуу тал олгожээ. Энэ дайнд Монголын тэнгэр дээгүүр 90 орчим Накажима сөнөөгч онгоц тулалдаж байв.

Зөвлөлтийн дөрвөн онгоц сөнөх бүрд Японы нэг сөнөөгч онгоц сөнөж байна гэсэн маш давуу тооцоолол гарав. Ингээд Японы нисгэгчид тун удалгүй өөрсдийн давуу байдлаа мэдэрч эхэлсэн юм. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Зөвлөлтүүд 1939 оны зургадугаар сард сайжруулсан загварын “Поликарпов И-152” сөнөөгч онгоцны зургаан отряд, “Поликарпов И-16” болон “Поликарпов И-10” загварын гурван сөнөөгч онгоцны отрядыг Халхын гол руу илгээв. Эдгээр нь нийлээд 100 илүү сөнөөгч онгоц болж байжээ.

Халуун салхитай, цөлийн агаарын баазуудаас даалгавар гүйцэтгэхэд сайжруулсан загварын “Поликарпов И-152” сөнөөгч онгоцнууд маш сайн зохицож байв. Поликарпов И-152 нь Халхын голын хүчтэй салхитай цаг агаарын нөхцөлд газраас хөөрөх, агаарт тогтвортой тулалдах зэрэгт ямар ч асуудал гаргахгүй давуу тал болж эхлэв. Гэвч Зөвлөлтийн “Поликарпов И-16” сөнөөгч онгоцнууд Японы 7,7 миллиметрийн голчтой пулемётоор зэвсэглэсэн “Накажима Ки-27”-той харьцуулахад маневр хийх чадвар хамаагүй муутай тул тулааны талбарт ялагдаж эхлэв. Тиймээс Зөвлөлтийн нисгэгч нар 7,62 мм голчтой хос пулемётоор зэвсэглэн огцом өгсөлт, эргэлт хийх давуу байдлаа ашиглан “Накажима Ки-27”-ын ард төвөггүй гаран сөнөөж эхэлсэн аж.

Мөн Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд нь нисгэгчийн бүхээгийг сумнаас хамгаалах хуягаар тоноглогдсон байсан нь нисгэгч нарын хувьд маш таатай зүйл юм. Харин Япончууд сөнөөгч онгоцнуудаа зохион бүтээхдээ хөнгөн, хурдан байх чанарт илүүтэй анхаарч байсан нь Халхын голын дайнд сул тал болж эхэлжээ.

Энэ дайнд оролцсон Зөвлөлтийн нисгэгч нарын дунд Испанийн иргэний дайнд оролцож явсан туршлагатай ахмад дайчид ч хэд хэд байжээ. Тэд туршлагатай нисгэгчид болон  зуны улирлын цаг агаарын таатай нөхцөл байдлыг ашиглан агаарын тулалдаанд үнэмлэхүй манлайлах болсон.

Япончуудын гаргасан статистик баримтаар Халхын голд амь үрэгдсэн Квантуны армийн нийт нисгэгчдийн 10,1 хувь нь тав болон зургадугаар сард алагдаж, шархаджээ. Энэ тоо долдугаар сард 26,5 хувь, наймдугаар сард 50 хувь болж, есдүгээр сарын эхэн үед үлдсэн хэсэг нь үрэгдэж, шархаджээ. Халхын голд болсон агаарын нийт тулалдаанд Японы нисгэгч Хиромичи Шинохара дайсны хамгийн олон онгоцыг устгаж нийт 58 оноог өөрийн сөнөөгч онгоцон дээрээ тэмдэглүүлжээ. Харамсалтай нь тэрээр наймдугаар сарын 27-д болсон ээлжит тулалдааны үеэр онгоцтойгоо сүйрч амь үрэгдсэн юм.

Японы нисэхийн түүхчдийн хийсэн сүүлийн үеийн дүн шинжилгээгээр ЗХУ-ын нисгэгчид Халхын голын дайнд тэмдэглэгдэн үлдсэн амжилтаасаа дор хаяж дөрөв дахин их оноог цуглуулсан гэсэн байна. Тиймээс уг дайнд Квантуны армийн нисгэгчид ЗХУ-ын нэг сөнөөгч онгоцыг устгах бүрт Зөвлөлтүүд хариуд нь тэдний 6 сөнөөгч онгоцыг буулган авч байсан гэж үзэх болсон аж.

Үүний хажуугаар Халхын голын дайныг удирдаж байсан Квантуны армийн офицерууд Токио дахь армийн ерөнхий штабтай дайны ажиллагааны тал дээр олон асуудалд санал зөрөлдөж байжээ. Тэд зургадугаар сарын 27-нд Токио дахь удирдлагын төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр Зөвлөлтийн арын гүн болох Тамсаг болон Баянцагааны нисэх зурвасууд руу томоохон хэмжээний бөмбөгдөх үйл ажиллагааг явуулж олон тооны сөнөөгч онгоцуудыг дайны талбар руу илгээжээ. Үүнээс болж Токио Халхын гол дахь офицерууддаа хатуу анхааруулга илгээж ахин Зөвлөлтийн арын гүн рүү довтлохгүй байх тушаал өгчээ. Энэ явдал нь Японы армийн удирдлагын дээд төвшинд гүн хагарал үүсэх эхлэл болсон байдаг.  

Харин Японы армийн удирдлага хоорондоо хагаралдаж байх суурь генерал Жуков дайнд давуу байдал олж авахын тулд ложистикийн бэрхшээлийг даван туулахад бүх анхаарлаа төвлөрүүлж байжээ.

Зөвлөлтийн хангамж зөөвөрлөх ачааны машинууд Халхын гол хүртэлх 1400 километр газрыг өдөр, шөнөгүй туулж байв. Энэ нь тэдний хувьд ирээдүйд болох том дайнд урам зориг өгөхүйц маш сайн туршлага болсон байна. Зөвлөлтүүд хангамж нийлүүлэх ажилд 3800 ачааны машин, 1375 шатахуун тээвэрлэгч дайчилж байв. Эдгээр ачааны машинууд нь 18000 тонн их бууны сум, 6500 тонн тэсрэх бөмбөг, 15000 тонн шингэн түлш мөн тооны цэрэг, хүн хүч, зэвсэг зөөвөрлөсөн гэж үздэг. Халхын голын дайнд Зөвлөлтийн арын хангамж үнэмлэхүй сайн байсныг ЗХУ-ын баатар, Транс-Байгалийн цэргийн хорооны командлагч, генерал Григорий Штерний гавьяа гэж тодорхойлдог.  

Японы механикжсан бригад нь Манжуурыг эзлэх дайнаар өндөр зохион байгуулалттай болсон туршлагатай цэргүүдээр эгнээгээ бүрдүүлсэн. Гэвч тэдний дунд оврын гурван танк тутмын нэг нь л бүрэн тоноглогдсон байжээ. Тухайн үед шинэ загварын “Type-97” дунд оврын танкууд дөнгөж үйлдвэрлэлийн шатанд явж байсан юм. Мөн тус бригад нь явган цэргийн болон артилеррийн дагуул салааг хараахан бүрдүүлээгүй байжээ. Тиймээс явган цэргийн бүрэлдэхүүнээс нэн даруй гурван батальоныг буулгаж механикжсан бригадад томилсон байна.

Шинээр зэвсэглэлд нэвтэрсэн “Type-97” загварын дөрвөн танк тутмын ердөө нэг нь л III үеийн дунд оврын танкийн шаардлагыг хангаж байсан аж. Тиймээс тэд хуучны 26 ширхэг “Type-89B” загварын явган цэргийн хуягт машиндаа найдахаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэвч 13 тонн жинтэй, 120 морины хүчтэй хөдөлгүүртэй “Type-89B” нь  ердөө 25 километр цагийн хурдтай байв. Үүний дээр “Type-89B”-ын үндсэн зэвсэг нь 57 миллиметр голчтой, хурд багатай пулемёт байсан бөгөөд тэр нь хязгаарлагдмал галлах хүрээтэй, дайсны сум хялбар нэвтлэхүйц хуяг муутай байжээ. Тус бригад нь өөр IV үеийн 35 ширхэг “Type-95” загварын хөнгөн танк болон найман ширхэг “Type-89A” загварын дунд оврын танкаас бүрдэж байв.

Хэдий Type-95” загварын хөнгөн танкууд нь 45 километр цаг хүртэл хурдлах чадвартай ч 37 миллиметрийн голчтой их буу нь ердөө 700 метрийн тусгалтай.      

Үүнтэй харьцуулахад Зөвлөлтийн гол танк болох 13,8 тонн жинтэй, 450 морины хүчтэй хөдөлгүүр бүхий, бартаат зам туулах Кристий түтгэлзүүртэй “BT-7” нь 55 километр цаг хүртэл хурдалж чаддаг. Гол зэвсэг нь 45 миллиметрийн голчтой, өндөр хурдтай, 2000 метрийн тусгалтай их буу байв. Хэдий хоёр талын танкууд аль аль нь танк эсэргүүцэгч суманд хэврэг байсан ч Зөвлөлтийн танкууд илүү хэврэг байжээ.

Халхын гол дахь Зөвлөлтийн танкийн бригад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ 128 танк, 76 миллиметр голчтой 24 ширхэг өөрөө явагч артиллерээс бүрдэж байв. Улаан армийн хуягт бригад нь танк, ачааны машин, өөрөө явагч артиллерийн баг, явган цэргүүдээс бүрдсэн цогц бүтэцтэй байсан. Тулааны үед 76 миллиметр голчтой өөрөө явагч артиллерүүдийг байрлуулж, хуягт машин, танкуудаар хамгаалан галлуулдаг байсан юм.

Японы нэг, хоёрдугаар батальон долдугаар сарын 2-нд Халх голыг гаталж Баянцагааны өндөрлөгийг эзлэв. Тэд Зөвлөлтийн XI танкийн салааг төвөггүй арчин хаясан юм. Харин генерал Жуков Зөвлөлтийн VII хуягт бригадыг түргэн зохион байгуулалтад оруулж сөрөг довтолгоонд оруулав. Энэ үед танк эсэргүүцэгчээр хангалттай зэвсэглэж чадаагүй Япончууд Зөвлөлтийн танкуудын эсрэг Молотов зэрэг хуяг нэвтлэхэд хангалтгүй зэвсгүүдэд найдахаас өөр аргагүй болжээ. Ширүүн тулалдааны эцэст Зөвлөлтүүд Баянцагааны өндөрлөгийг булаан авснаар Япончууд Халх голыг ахин гаталж ухрахаас өөр сонголтгүй болсон байна.

Хэдий Японы механикжсан бригад хариу цохилт үзүүлсэн ч ямар ч үр дүнд хүрч чадаагүй юм. Энэхүү тулалдаанаар Японы 44 танк устгагдаж, эвдэрчээ.

Үүний дараа Япончууд өмнөх алдаа дээрээ дүгнэлт хийж долдугаар сарын 23-25нд дахин давших оролдлого хийжээ. Зөвлөлтийн цэргүүдийн анхаарал суларсан үеэр буюу шөнийн цагаар Японы явган цэргүүд Оросуудын байрлал руу дөхөж байв. Тэд энэ удаад галлах шугамаа өргөсгөж алсын зайн тусгалтай 150 миллиметр голчтой “Type-89” загварын зургаан ширхэг их буу, 105 миллиметр голчтой “Type-92” загварын 16 их бууг Японоос авчирчээ.

Гэвч Япончууд өөрсдийн артиллерийг Зөвлөлтийн алсын зайн тусгалтай их буунуудын дэргэд хаана ч хүрэхгүй гэдгийг мэдэж байв. Зөвлөлтийн 150 миллиметрийн голчтой артиллерүүд нь байг маш оновчтой бөгөөд Японы их буунууд давтан галлалт хийх хугацаанаас хоёр дахин хурдан цохилт өгдөг. Халхын голд Оросын 122 миллиметрийн голчтой 1931 оны загварын 16 ширхэг их буу нь 20870 метрийн тусгалд бай устгаж байсан. Харин Японы 105 миллиметрийн голчтой артиллер 18300 метрийн тусгалд бай сөнөөж байжээ. Дайны эхнээс л Зөвлөлтийн хүнд артиллерүүд Японы их бууг бүрэн ноёлж чадсан.

Японы артиллерийн цохилтууд үр дүн муутай байсан учир тэдний шөнийн дайралтыг Зөвлөлтүүд ээлж дараалан хориглон зогсоосоор байсан юм. Үүний дээр генерал Жуков ложистикийн байр сууриа ахиулахын тулд арын бэхлэлтээ нарийн зохион байгуулалттай нягт болгох тал дээр хичээнгүйлэн ажилласаар байв. Хэдий Япончууд шөнийн цагаар давшилт хийж тодорхой байршлуудыг эзлэн авах боловч өглөө болмогц Зөвлөлтүүд артиллер, танкуудаа дайчлан алдсан байршлуудаа эргүүлэн авсаар байжээ.

Япончуудын давшилт амжилттай хэрэгжихгүй байсан учир долдугаар сарын сүүлээр тэд урагшлахаа больж хамгаалалтад шилжиж эхлэв. Ингээд Квантуны арми хамаг эрч хүчээ бэхлэлт, бункерын систем барих ажилд дайчлах болжээ. Японы арми наймдугаар сарын 10-аас эхлэн Халхын голд байлдаж буй цэргүүдээ VI арми болгож ахин зохион байгуулсан байна. Тус арми нь 38000 гаруй явган цэрэг, 318 их буу, 130 танк болон 225 байлдааны хөлөг онгоцнуудаас бүрдэж байв.

Энэ үеэр генерал Жуков Зөвлөлтийн I армийг өөрийн биеэр удирдан Квантууны армийн байршилд давшилт хийхээр бэлдэж эхлэв. Түүнд 57000 явган цэрэг, 542 их буу, 498 танк болон 515 байлдааны нисэх онгоц буюу Япончуудаас хоёр дахин их хүн хүч байв.

Генерал Жуков зуны эхэн саруудад болсон тулгаралтуудад өрсөлдөгчийнхөө дайны тактикийг нухацтай ажиглаж, хэд хэдэн ноцтой алдааг нь олж илрүүлсэн байна. Японы арми Манжуурын морин цэргүүдээр галын шугамаа мануулж байсан бөгөөд энэ нь тэднийг бүслэлтэд оруулахад хялбар өгөөш болж байв. Үүний дээр Япончуудад тактикийн хөдөлгөөнт ар тал байсангүй. Тулгаралт болох үед Японы ар тал бүхэлдээ нэг галын шугамд л төвлөрч ажиллахаас өөр аргагүй болдог байсан аж. Энэ нь Зөвлөлтийн хувьд аль нэг галын шугамыг нь төв хүчээс нь салгах хялбар нөхцөлийг үүсгэж байв. Энэ бүхнийг түшиглэн шенерал Жуков тулалдааны үед янз бүрийн хуурамч үйлдлүүдийг хийж тактикийн гэнэтийн маневр хийн дайсны цөмд том цохилт өгөх нарийн аргуудыг боловсруулжээ.    

Жишээ нь, Зөвлөлтийн холбоочид хоорондоо хуурамч мэдээ дамжуулж, хориглолт, нуувчийн бүтээн байгуулалтын ажил хийж буй хуурамч дуу чимээнүүдийг цацаж эхлэв. Машин болон онгоцнуудаа ашиглан явган цэргийн нэгжүүдийг цэгүүдэд байршуулж буй хуурамч хөдөлгөөнийг өдөр шөнөгүй хийж байв. Ингэснээр Генерал Жуков өөрсдийгөө өвлийн улиралд бэлтгэж байна гэж Япончуудад ойлгуулж чаджээ.

Харин наймдугаар сарын 20-нд Зөвлөлтийн гурван том хүч Япончуудад гэнэтийн цохилт өгөхөөр 70 километрийн урт өргөн фронтыг нээв. Зүүн тийш давших чиглэлд Монголын VI морин цэргийн дивиз, VII хуягт бригад, 82-р дивизийн 601-р явган цэргийн хоёр батальон XI танкийн бригадыг даган байрлалаа бүрэн эзлэв. Япончуудтай шууд тулгарах төвийн чиглэлд 36-р моторт дивиз, V пулемётын бригад болон 601-р явган цэргийн анги давшилтад бэлэн болов. Баруун тийш давшиж Японы ар талтай тулалдах чиглэлд 57-р их бууны дивиз, XI танкийн бригадын хоёр баттальон, Монголын VI болон VIII морин цэргийн дивизийн гурван батальон давшилт хийнэ. Харин нөөцөд IX хуягт бригад, VI танкийн бригадын нэг батальон болон агаарын цэргийн 212-р бригадаас бүрдэх хүчирхэг хөдөлгөөнт ар талыг бэлдэв.

Ингээд наймдугаар сарын 20-ны өдрийн өглөөний 5 цаг 45 минутад Зөвлөлтийн байлдааны онгоцнууд Японы байрлалд мөндөр мэт цохилт өгч гэнэтийн давшилтыг эхлүүлэв. Зөвлөлтийн буун дуу аянга цахих мэт хүчтэй байв. Явган цэргүүд өглөөний 9 цагийн үед давших команд авч урагшилж эхэлжээ. Халхын голын тулалдаан үнэхээр ширүүн үргэлжилж байв. Япончууд генерал Жуковын гэнэтийн дайралтад цочирдож, ширүүн давших галын шугамуудыг харан гайхаж байв.

Эхний довтолгооноор Японы ар талтай хамгийн ойртож тулах, хүчирхэг танкуудаар хамгаалуулсан Зөвлөлтийн өмнөд галын шугам дайснуудад асар том хохирол учруулж, том дэвшил гаргаж чаджээ. Гэвч Зөвлөлтийн гол хүч дэндүү ширүүн тулалдаанд орсны улмаас өөрсдөө ч нэлээдгүй хохирчээ. Харин Японы ар талд зохилд өгсөн галын шугам маш зальжин, чадварлаг эсэргүүцэлтэй тулгарав.

Наймдугаар сарын 23-нд Зөвлөлтийн өмнөд галын шугам Япончуудыг Манжуурын хил хүртэл шахаж Хайлаастын голд түшиглэн хориглохоор зэхсэн бэхлэлтийг нь зогсоов. Ингээд IX хуягт бригад, VIII хуягт бригадтай өмнөд зүгт нийлснээр наймдугаар сарын 24-нд бүслэлт хийв.

Хэдий Манжуураас татагдсан Японы хүч бүслэгдсэн нөхөддөө туслахаар урагшилсан ч Зөвлөлтийн агаарын дайралт зам харгуйг туулах аргагүй болгожээ. Японы нэмэлт хүч хэдий бүслэлтийг сэтлэхээр оролдож байсан ч Зөвлөлтийн VI танкийн бригад энэхүү оролдлогыг бүрэн таслан зогсоов. Ингээд хоёр талд хүнд байдалд орсон Япончуудыг наймдугаар сарын 31-нд Зөвлөлтүүд бут цохив.

Халхын голын дайны хамгийн ширүүн тулгаралт үргэлжилж байх үеэр Япончууд тэдний холбоотон болох Германууд ЗХУ-тай наймдугаар сарын 23-нд үл түрэмгийлэх гэрээ байгуулсан гэх цочирдмоор мэдээг олж сонсжээ. Японы “Асахи Шимбун” сонинд энэхүү итгэмээргүй мэдээг “Коминтерний эсрэг гэрээний мөн чанар нэг муу цаасан дээр зурагдсан гэрээгээр үгүй болжээ. Германууд холбоотнуудаасаа урвалаа” гэж мэдээлжээ. Ингээд Халхын голын дайнд ямар ч ирээдүйгүй болсон гэдгээ ойлгосон Токио дахь Японы эрх баригчид болон цэргийн дээд командлал Монгол дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, сөргөлдөөнийг эцэслэх ёстой гэж дүгнэв.

Энэ үеэр Зөвлөлтүүд Япончуудыг үргэлжлүүлэн манжуур луу шахаж, Хятадын газар нутгийг чөлөөлөх ажилд бэлдэж эхлэв. Харин үүнээс сэргийлэн Япончууд агаарын цэргийн хүчээ эрчимтэйгээр нэгтгэх болжээ. Ингээд Япончууд нисэх хүчний зургаан эскадроныг Хятадад байршуулсан байна. Японы агаарын хүчин Хятадын газар нутгийг чөлөөлөх шинэ дайн үүсвэл 255 байлдааны хөлөг онгоцыг тулаанд бэлэн болгожээ.    

Монголын агаарын зурваст есдүгээр сарын 1-15 хооронд Японы 200 орчим сөнөөгч онгоцнууд Зөвлөлтийн агаарын зурвасуудад  удаа дараа цохилт өгөв. Хамгийн том агаарын тулаанд Японы талаас 120 сөнөөгч, Зөвлөлтийн талаас 207 сөнөөгч онгоц оролцсон гэж тэмдэглэгджээ. Харин талууд есдүгээр сарын 16-нд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар байлдааны бүх ажиллагаа дуусан юм.

Халхын голын дайнд Японы 8717 цэрэг, нисгэгчид алагдаж, сураггүй алга болж, 10997 хүн шархадсан гэж үздэг. Харин Зөвлөлтийн талаас 8931 цэрэг алагдаж, сураггүй алга болсон бөгөөд 15952 хүн шархдсан гэж тооцоолдог. Гэвч талууд аль аль нь үүнээс ч олон хүний амиар хохирол амссан гэж түүхчид үздэг. 

Энэхүү тулалдааны ач холбогдол, цар хүрээ нь тухайн үедээ төдийлөн олонд анзаарагдаагүй юм. Учир нь Халхын голын тулалдаанд ялагдсан Япончууд энэхүү ичгүүрт байдлаа нуухыг хичээсэн. Харин нөгөө талд ЗХУ үүний талаар бүр ч яриагүй юм. Учир нь тэд энэ үед Польшийг Барууны ертөнцөөс тусгаарлаж, Балтын тэнгисийн орнуудад батлан хамгаалах байр сууриа олж авахыг чармайж байсан тул энэхүү түүхийг үл ойшоосон байдаг.

Үүний дээр ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин 1935-1937 онд цэргийн өндөр албан тушаалтнуудад цэвэрлэгээ хийж, олон ч армийн зүтгэлтнүүдийг алж устгасан. Тиймээс тэрээр шенерал Григорий Жуков ялалтыг сурталчлан таниулж, түүнийг алдартай баатар болгохыг хүсээгүй юм. Гэсэн хэдий ч Генерал Григорий Жуков Дэлхийн II дайнд байгуулсан гавьяагаараа Зөвлөлтийн хамгийн агуу командлагч гэж алдаршсан байдаг. Түүний Халхын голд хэрэгжүүлсэн байлдааны тактикууд нь Дэлхийн II дайнд Зөвлөлтүүдийн ашигласан байлдааны олон арга барилуудаас харагддаг.

Нацист Германчууд 1941 оны зун ЗХУ-д довтлоход Япончууд нэгдэхийг хүссэн боловч Халхын голын тулаанд амссан шарх тэднийг чөдөрлөж байв. Халхын голын дайны ялагдлын дараагаар Японы армийн дээд командлалаас Хойд цохилт фракц үндсэндээ шахагдан гарсан юм. Үүний дараагаар Квантуны армийн цэрэг дайны ажиллагаа Зүүн өмнөд Ази дахь Их Британи, Франц болон Голландын колони газар нутгууд руу чиглэх болсон.

Иосиф Сталин Монголд болсон энэхүү тулалдааны ач холбогдлыг сайтар ойлгож байв. Тэрээр өдрөөс өдөрт хүчирхэгжиж, өдөөн хатгах болсон Нацист Германы аюул заналхийллийг мэдэрч Алс Дорнодын цэргийн хүчнээс 1000 танк, 1200 байлдааны нисэх онгоцыг татсан байдаг.  Гэхдээ тэрээр Зөвлөлтийн Алс Дорнод дахь тогтвортой байдлыг ч хангахыг чухалчилж байсан учир зайлшгүй тохиолдолд Японы эзлэн түрэмгийллээс сэргийлэх зорилгоор 19 нөөц дивиз, 1200 танк болон 1000 орчим байлдааны онгоцыг Монголд үлдээсэн юм.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.124)