МУИС олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургууль болохыг зорьж байна

 Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль Олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо боллоо.

БШУЯ болон төрийн өмчийн их сургуулиуд хамтран "Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулийн оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол Улсын их сургуульд анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойд зориулсан "Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар гадаад, дотоодын их дээд сургуулиудын нэр хүндтэй олон эрдэмтэн илтгэл тавив. Түүнчлэн МУИС-ийн дэлхийн шинжлэх ухаан болон Монгол улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр ололт амжилтыг дүгнэн, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн судалгааны инновацын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, МУИС-ийн эрдэмтэд, багш судлаачдын туурвисан ном, судалгааны бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэж, судалгааны лабораториудыг танилцуулах нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан юм.


Эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн Судалгаа, инновацын бодлогын газрын дарга Н.Төвжаргалаас тус сургуулийн цаашдын зорилго чиг хандлагын талаар тодруулахад тэрбээр, Монгол Улсын их сургууль 80 жилийн түүхтэй ч судалгаа шинжилгээний ажлын материаллаг бааз, нөөц бололцоо тийм ч хангалттай биш. Дэлхий дахинд шинэ тутам хөгжиж буй шинэ мэдлэг, шинэ судалгааны салбаруудыг бий болгон, нэвтрүүлэн хөгжүүлэхийн тулд гадны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Ингэснээрээ бид гадны эрдэмтдийн хийж буй судалгааны ажил ямар түвшинд байгааг мэдэх, суралцах, хамтарч хөгжих боломжтой болно гэсэн үг. Энэ ч утгаараа МУИС-ийн багш эрдэмтэд дэлхийд тэргүүлэх түвшний сургуулиуд, судалгааны томоохон хүрээлэнгүүдтэй хамтарч ажилладаг.

МУИС-ийн судлаачид Монголын хөгжил дэвшилд, цаашилбал дэлхийн шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулж ирснийг дүгнэж ярилцсаны дээр ирээдүйд бидний оролцоо юу байх юм гэдэг талаар нээлттэй ярилцлаа. Мөн их сургуулиуд болон шинжлэх ухааны байгууллагуудад төрийн бодлого, дэмжлэг ямар чухал байдгийг ч хуралд оролцогчид хэлж байна. Манай сургууль сургалтын байгууллагаас судалгааны байгууллага болон хөгжих том зорилттой. Гадаадын томоохон сургуулиудын хөгжлийн чиг баримжаа ч энэ чиглэл рүү хэдийн хандчихсан. Тэгвэл энэ хуралд оролцсон гадаадын эрдэмтдийн хувьд олон улс дахь их сургуулиудын хөгжлийн чиг хандлага хаана яваа болон хэрхэн судалгааны их сургууль болж хөгжих боломжийн талаар мэдээлэл солилцлоо.  МУИС дэлхийн топ сургуулиудын эгнээнд орох зорилго тээж, бодлогоо боловсруулан ажиллаж байна гэж ярилаа. 

МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайван: -МУИС байгуулагдсан цагаасаа эхлэн 1990-ээд он хүртэл хойд хөршийнхөө сургалтын хөтөлбөрийн жишгээр явж ирсэн. Сүүлийн үед европ, америк, барууныхны сургалтын хөтөлбөрийн чиг хандлагыг тодорхой хэмжээгээр нэвтрүүлэхийг хичээх болсон ч хуучин сургалтын арга барил байсаар байна. Бид дэлхийн олон улсын сургуулиуд, эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллаж байна. Төгсөгчид маань гадаадад эрдмийн зэрэг хамгаалаад буцаж ирж сургуульдаа багшилж байна. Мөн гадаадын олон сургуульд багш солилцооны хүрээнд хамтран ажиллаж байна. Энэ бүхнээсээ бид цаашид хэрхэн ажиллах тал дээр суралцаад, туршлага хуримтлуулаад, сайн туршлага нэвтрүүлэхийг эрмэлзэж ажилладаг гэлээ.  

 

Эрдэм шинжилгээний хурлын үеэр, МУИС "Таванбогд" групптэй хамтын ажиллах санамж бичигт МУИС-ийн захирал Д.Бадарч, "Таванбогд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх хичээлийн жилд шилдэг таван оюутны сургалтын зардлыг тус групп бүрэн хариуцахаар болсон юм.

Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсролын ууган байгууллага МУИС нь үүсэн байгуулагдсаныхаа дараа жил буюу 1943 онд анхны хээрийн судалгааны экспедицийг, 1944 онд анхны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байжээ. Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдсан анхны эрдэм шинжилгээний хурал байсан ба уг хуралд хэлэлцүүлсэн 14 илтгэлийг эмхэтгэж МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичгийн анхны дугаарт хэвлүүлсэн байна.

Анхны эрдэм шинжилгээний хурал болсноос хойших 80 жилийн хугацаанд МУИС нь мэргэжлийн олон чиглэлээр сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ судалгааны олон салбар зэрэгцэн хөгжиж, үндэсний эрдэмтэн судлаачдын томоохон бүрэлдэхүүн бий болоод байгаа юм. Орчин үед олон улсын их сургуулиуд эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны хамрах хүрээ, түвшин, чанарын үзүүлэлт зэргээрээ нэг нэгнээсээ ялгаатай хэд хэдэн чиглэлээр хөгжиж байна. Үүний нэг чиглэл нь судалгааны их сургууль бөгөөд эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалтыг түлхүү хөгжүүлж, шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгон, сургалтыг судалгаатай хослуулан хөгжих, хөрвөх болон өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна. Үйл ажиллагааны хувьд ийм их сургууль манай улсад хараахан бий болоогүй байгаа гэж үздэг аж. Харин МУИС дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хөгжлийн чиг хандлагын дагуу, олон улсад хүлээн зөвшөөгдсөн судалгааны их сургууль болохоор хөгжлийн чиглэлээ тодорхойлон ажиллаж байгаа юм байна.

Их сургуулиудын олон улсын нэр хүнд, чансааг илэрхийлдэг хамгийн чухал үзүүлэлт бол Web of Science, Scopus зэрэг мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл, уг бүтээлүүдээс гадаад, дотоодын судлаачид эш татсан байдал зэрэг юм. МУИС нь энэхүү үзүүлэлтээр манай улсын бусад их, дээд сургуулиудыг тэргүүлж байна. Одоогийн байдлаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1730 гаруй өгүүлэл хэвлүүлсэн ба тэдгээр нь нийтдээ 21,500 гаруй удаа эшлэгдсэн байна. Түүнчлэн тус их сургуулийн эрдэмтэн судлаачид 2023 онд 6 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 130 гаруй эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнээс 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, судалгааны ажлыг МУИС-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.181)