"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа

Испанийн “Реал” клубын хөлбөмбөгчид талбай дээрээ Германы “Бавариа” багийг 2:1 харьцаагаар ялснаар Аваргуудын лигийн цомын төлөөх финалд шалгарч үлдлээ. Тоглолт лхагва гарагт Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.  

Мадридын багийн тоглогч Хоселу 88 дахь минутанд болон хоёрдугаар үеийн төгсгөлд шүүгчийн олгосон нэмэлт цагийн эхний минутанд тус тус гоол оруулсан байна. Харин зочин багийн Альфонсо Дэвис 68 дахь минутанд гоолджээ. Хоёр багийн эхний тоглолт Мюнхенд болж, 2:2-ын харьцаагаар тэнцээгээр өндөрлөсөн юм.

Одоо “Реал Мадрид” баг Германы Дортмунд хотын “Боруссиа”-тай Аваргуудын лигийн цомын төлөө Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд 6 дугаар сарын 1-нд тоглоно.

Ташрамд дурдахад, өчигдөр “Бавариа”-гийн довтлогч Томас Мюллер тус багийн бүрэлдэхүүнд 151 дэх тоглолтоо хийснээр Аваргуудын лигийн тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүнд хамгийн олон тоглолтод оролцсон Испанийн хөлбөмбөгчин Хавигийн амжилтыг давтлаа. Т.Мюллер 2007 оноос хойш “Бавариа”-д тоглож байгаа бөгөөд 2013 ба 2020 онуудад Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлж байсан юм.

Сонирхуулахад, өчигдөр “Бавариа”, “Реал” хоёр 2018 оноос хойш анх удаа Аваргуудын лигт учраа таарч тоглолоо. Тухайн үед хагас шигшээд “Реал” баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (2:1, 2:2) өрсөлдөгчөө буулган авч, улмаар финалд “Ливерпуль”-ийг ялж Аваргуудын лигийн цомыг хүртэж байв.  

Эх сурвалж: МАДРИД /ТАСС/.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.228)