Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
Умард Македон улсад лхагва гарагт болсон ерөнхийлөгчийн ба парламентын сонгуульд эрх баригч Социал-Демократ нам ялагдал хүлээсний зэрэгцээ тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Консерватив намын дэмжлэгийг хүлээсэн 70 настай хууль зүйн ухааны профессор Гордана Силяновска-Давкова ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээр нийт сонгогчдын гуравны хоёроос дээш буюу 65 орчим хувийн дэмжлэг авснаар ялалт байгуулсан байна. “Эмэгтэй хүнийг ерөнхийлөгчөөр сонгохоос илүү том өөрчлөлт гэж байх уу? Шинэчлэлийн төлөөх энэхүү алхмыг хийхдээ миний бие эмэгтэйчүүдийн хамт байх болно” гэж Г.Силяновска-Давкова дэмжигчдэдээ хандан хэлжээ.
Харин одоогийн Ерөнхийлөгч Стево Пендаровски 29 хувийн санал авч удааллаа. Г.Силяновска-Давковаг консерватив “VMRO-DPMNE” нам дэмжсэн юм. Умард Македон улс Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсэх үйл явц удаашралтай, эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж буй энэ үед ийнхүү сөрөг хүчний нам олон нийтийн дэмжлэгийг авч чаджээ. “VMRO-DPMNE” тэргүүтэй эвслийн намууд парламентын сонгуульд 43 орчим хувийн саналаар тэргүүлж байгаа бол долоон жилийн турш засгийн эрхийг барьсан Социал-Демократ намын тэргүүлсэн эвсэл 14.8 хувийн саналаар удаалж байна.
Консерватив намууд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа 120 суудалтай парламентад эрх мэдлийг хуваарилах яриа хэлэлцээ өрнөнө. 2022 оноос энэ оны эхэн үе хүртэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан Социал-Демократ намын дарга Димитар Ковачевски парламентын сонгуульд нам нь ялагдсаныг хүлээн зөвшөөрөөд намын шинэ даргыг сонгосны дараа огцрохоо мэдэгджээ. Г.Силяновска-Давкова ялалт байгуулснаар тус улс 1990-ээд оны үед Югославаас салж, тусгаар тогтносноос хойших хугацаанд анх удаагаа ерөнхийлөгчийн албан тушаалыг эмэгтэй хүн хашихаар болж байна.
“VMRO-DPMNE” намын дарга Христиан Мицкоски “Таны Македон” гэдэг нэртэй 22 намын эвслийг тэргүүлж байсан бөгөөд хөрш орнуудтай үүссэн маргааныг зохицуулахдаа гутамшигтай буулт хийсэн гэж өрсөлдөгчдөө буруутгаж байжээ. Өдгөө 46 настай Х.Мицкоски дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ, шинэ консерватив засгийн газар авлигатай тэмцэхийг эн тэргүүний зорилт болгоно гэж мэдэгджээ. НАТО-гийн гишүүн Умард Македон улс 2005 онд ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай болсон хэдий ч хөрш Грек, Болгар улсуудтай маргаан үүсгэсний сацуу гишүүнчлэлээ ахиулахад шаардлагатай зарим шинэчлэл удаашралтай байсаар ирсэн юм.
Скопье хотын оршин суугч Гордана Герасимовски ярихдаа, улс орон нь ЕХ-нд элсэхийг маш удаан хүлээж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний зэрэгцээ "одоо бодит ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна" гэлээ. “Бид аль эрт Европын Холбооны нэг хэсэг болчихсон байх ёстой байлаа. Энэ бол бидэнд дутагдаж байгаа зүйл, гэхдээ бид удаан хүлээсэн зүйлдээ хүрнэ гэдэгт найдаж байна” гэж тэрбээр ярилаа.
Сонгуулийн үйл явцыг дотоод, гадаадын 2300 гаруй ажиглагч ажиглажээ.
Эх сурвалж: СКОПЬЕ AP/.