Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна

 Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа нь алтан гулдмай ажээ.

Тус улсын хамгийн том ая тухтай дэлгүүрийн сүлжээ болох CU нь “Minting and Security Printing” корпорацтай /KOMSCO/ хамтран үйлчлүүлэгчиддээ бичил алтан гулдмайнуудыг санал болгосон нь талх мэт түргэн зарагдаж байна.

0.1 граммаас 1.87 грамм хүртэлх жинтэй, хумсны толион чинээ янз бүрийн алтан гулдмайнуудыг дөрөвдүгээр сараас эхлэн CU-гийн дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ. Үнийн хувьд 1.87 грамм гулдмай нь 225 мянган вон /165,76 ам.доллар/ бол 0.5 грамм нь 77 мянган вон аж.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр бол, тус бүр нь 113 мянган воны үнэтэй 1 грамм жинтэй гулдмай хоёр өдрийн дотор зарагдаж дуусжээ. Эдгээр алтан гулдмайнуудыг баяр хүргэсэн зурвас, төрсөн өдрийн мэндчилгээ зэргийн хамтаар худалдан авах боломжтой.

“Pocket CU” аппликейшны мэдээллээр, 30-аас дээш насны хүмүүс ийм алтан гулдмайг хамгийн ихээр худалдан авч байгаа бөгөөд нийт борлуулалтын 41 гаруй хувийг эзэлж байна. Харин 40-өөд насныхан нийт борлуулалтын 35.2 хувийг, 50-аас дээш насныхан 15.6 хувийг, 20-иод насныхан 6.8 хувийг тус тус эзэлж байна.

“Шар металл”-ын үнийн өсөлтөөс үүдэн Өмнөд Солонгост алтан гулдмай, зоосны эрэлт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөж, 5 тоннд хүрсэн тухай Дэлхийн алтны зөвлөлөөс /WGC/ саяхан гаргасан тайланд дурджээ. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Өмнөд Солонгос дахь алтны борлуулалт хамгийн огцом дээд өсөлтөд хүрлээ.

“Ерөнхийдөө дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унаж буй тодорхойгүй энэ үед дотоодын хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтыг эрэлхийлэхийн хэрээр алтан үнэт эдлэлийн эрэлт нэмэгддэг” гэж UOB банкны зах зээлийн стратеги, дэлхийн эдийн засаг, зах зээлийн судалгааны албаны дарга Хэнг Кун Хау хэллээ.

Солонгосын алтны биржийн мэдээлснээр, алтны үнэ 3.75 грамм буюу 0.13 унц нь 456 мянган вон /335.3 ам.доллар/ болж дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин эсрэгээрээ Солонгосын воны ам.доллартай харьцах ханш нь он гарснаас хойш 5 хувиар суларсан бөгөөд одоогоор 1,358.7 байна.

Алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаатай зэрэгцэн Азийн орнуудын залуучуудын дунд алтанд хөрөнгө оруулах сонирхол сүүлийн үед нэмэгдэж байгааг WGC тэмдэглэжээ. WGC-ийн Төв банкуудын тэргүүн Шаокай Фан CNBC телевизэд ярилцлага өгөхдөө "Азийн олон улс орон инфляц болон санхүүгийн тодорхойгүй байдалтай тулгарч байна. Залуу хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэх, хамгаалахын тулд алт худалдан авч байгаа нь утга учиртай" гэлээ.

Азийн хамгийн том эдийн засаг болох Хятадын хэрэглэгчид ч мөн адил алт худалдан авч, 1 грамм жинтэй жижиг алтыг саванд цуглуулах нь хятад залуусын дунд трэнд болж байна. Хятад улс 2023 онд Энэтхэгийг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том алтан эдлэл худалдан авагч болсноор гулдмайн эрэлтээр тэргүүлж байна.

Үүнээс гадна өнгөрсөн онд АНУ-ын жижиглэн худалдааны томоохон компани болох Costco 1900 орчим долларын үнэтэй нэг унц алтан гулдмайг худалдаж байсан билээ.

Эх сурвалж: СӨҮЛ /CNBC/.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)