Дональд Трамп АНУ-ын шүүхээс ял сонссон ч ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэв

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп бизнесийн бүртгэл хуурамчаар үйлдсэн, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн зэрэг гэмт хэрэгт холбогдоод байсан билээ. Тэгвэл өчигдөр болсон Нью-Йорк мужийн тангарагтны шүүхээр уг асуудлыг хэлэлцэн Дональд Трампыг 34 зүйл ангиар буруутгажээ.

Экс ерөнхийлөгч 2016 оны сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн кино жүжигчинд хахууль өгч, улмаар түүнийгээ нуун далдлахын тулд бизнесийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэрбээр энэхүү үйлдлийнхээ улмаас шүүхээс тэнсэн харгалзах эсвэл хорих ял авах магадлал өндөр байгаа бөгөөд түүнд холбогдох ялыг долоодугаар сарын 11-ний өдөр шийдвэрлэх юм. Энэ өдрөөс хэдхэн хоногийн дараа Дональд Трампын харьяалагддаг "Бүгд Найрамдах" нам ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчээ сонгоно.

АНУ-ын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ 35 ба түүнээс дээш настай, АНУ-д 14-өөс доошгүй жил оршин суусан АНУ-ын уугуул иргэн байх шаардлагыг тавьдаг. Иймд Дональд Трамп энэхүү асуудлынхаа дараа ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж Калифорнийн их сургуулийн профессор, сонгуулийн эрх зүйн нөлөө бүхий мэргэжилтэн Ричард Хасен онцолжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)