Монгол, Беларусийн Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 01-04-ний өдөр төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.