Сонсголын бэрхшээлтэй оюутнуудад зориулсан хөтөч ажиллуулж байна

Их, дээд сургуульд суралцаж буй сонсголын бэрхшээлтэй оюутанд зориулсан тэмдэглэл хөтчийн үйлчилгээг энэ хичээлийн жилд нэвтрүүлснээ Боловсролын ерөнхий газрынхан мэдээлэв. Сонсголын бэрхшээлтэй таван оюутан хөтчийн үйлчилгээ авах хүсэлт гаргасны дагуу дээрх ажлыг хэрэгжүүлсэн гэнэ. Энэхүү үйлчилгээг МУИС, МУБИС-д нэвтрүүлсэн бөгөөд хүсэлт гаргасан оюутнууд нь эдгээр сургуульд суралцдаг юм байна. Хөтчөөр ч мөн дээрх сургуулийн оюутнууд сайн дураар ажиллаж буй гэнэ. Ийм үйлчилгээ үзүүлснээр оюутан нь лекц, семинар, багшийн тайлбар, яриаг бичгээр хүлээн авч, хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн ойлгож чадаж буй гэнэ. Ингэснээр сурах, хөгжих боломж нь ч нэмэгдэж, боловсролын үйлчилгээг чанартай авах боломж бүрдсэн аж. Үүнээс гадна их, дээд сургуулийн оюутнуудад сайн дурын ажил хийх шинэ сонголт, боломж гарч иржээ. Ташрамд дурдахад, мэргэжлийн болон их, дээд сургуулиудад энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 1126 оюутан суралцаж буй гэнэ. Тэдний 44 нь сонсголын бэрхшээлтэй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.6)