Н.Жокович Их дуулгад хамгийн олон хожсон амжилтыг эвджээ
Сербийн теннисчин Новак Жокович "Роланд Гаррос" буюу Францын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтод Аргентины тамирчин Франсиско Черундолог хожлоо.
Н.Жокович Парист болсон тоглолтод Аргентины теннисчнийг 6:1, 5:7, 3:6, 7:5, 6:3 харьцаагаар хожжээ. Шигшээ наймд тэрбээр Норвегийн теннисчин Каспер Руудтай өрсөлдөнө.
Сербийн теннисчин Их дуулгын тэмцээнүүдэд 370 удаа хожсоноор Швейцарын теннисчин Рожер Федерерийн амжилтыг (369) эвджээ. Тэдний араас Америкийн теннисчин Серена Уильямс (367), Испанийн теннисчин Рафаэль Надаль (314) нар бичигдэж байна.
Өдгөө 37 настай Н.Жокович дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд Мэргэжлийн теннисчдийн холбооны ивээл дор зохиогддог тэмцээнүүдэд 98 удаа түрүүлсэн бөгөөд Их дуулгын 24 тэмцээнд аваргалсан нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дээд амжилт юм. Тэрбээр Олимпын наадмын хүрэл медальт (2008), Дэвисийн цомын эзэн (2010) юм.
Аргентины теннисчин Ф.Черундоло дэлхийн чансааны 27-д бичигддэг. Өдгөө 25 настай тэрбээр хоёр дахь удаагаа Их дуулгын тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарчээ.
"Роланд Гаррос" бол Их дуулгын дөрвөн тэмцээний нэг юм. Тус тэмцээн зургаадугаар сарын 9-нд дуусах бөгөөд 53.47 сая гаруй еврогийн шагналын сантай.
Эх сурвалж: ПАРИС /TASS/