У.Хүрэлсүх: Эгийн голын УЦС-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлахаар болж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын ихээхэн анхаарал дор Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, талууд эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

УЦС-ын төсөл урагшилна

Олон жил дуншсан Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцоллоо. Айлчлалын хүрээнд тус төслийн байгаль орчны үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцож, Санамж бичиг байгуулжээ.

Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдлаа. Хэлэлцээрийн төслийг боловсруулах үеэр ОХУ-ын зүгээс ТЭЗҮ-д үндэслэн төслийн зураг төсвийн нийт өртөг нэг  тэрбум 326 сая евро болно гэж тооцоолсон байна.

 

Цаашид ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаа бууруулахын тулд салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ эх үүсвэр барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гэж ЗГХЭГ-ын дарга өмнө нь мэдээлж байв. 2025 оны төсвийн төсөлд нийт 3.5 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр суулгаснаас долоон хувь нь эрчим хүчний салбарт зарцуулагдахаар байгаа юм.

Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд 56 жилийн настай Дулааны гуравдугаар цахилгаан станцыг дахин өргөтгөхөөр болсон бол 30 гаруй жилийн өмнөөс яригдаж буй V цахилгаан станцын төсөл мухардалд орсон хэвээр үлдэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалаас олон улсын анхаарал татаж буй гол сэдвүүдийн нэг нь Монголын нутгаар дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой байлаа. Энэхүү төслөөр зөвхөн ОХУ-ын байгалийн хийг Монголоор дамжуулан экспортлох бус Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжийг судалж байгааг Владимир Путин мэдэгдэлдээ онцолсон юм. Төслийн загварчлалын баримт бичгүүдийг боловсруулж дууссан бөгөөд одоогоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь хийгдэж буйг тэрбээр мэдээлэв.

 

Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаа гэдгээ илэрхийлье.

 

ОХУ Монголын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасаар байх болно. Мөн бид ОХУ-ын хамгийн орчин үеийн, аюулгүй технологид суурилсан цөмийн эрчим хүчний салбарт, тэр дундаа жижиг оврын реакторын төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй.

Хоёр талын худалдаа хэт тэнцвэргүй байдаг асуудал айлчлалын үеэр мөн сөхөгджээ. Тодруулбал: хоёр улсын худалдааны баланс 3:97 харьцаатай бөгөөд 2023 онд л гэхэд ОХУ Монгол Улсын нийт экспортын ердөө 0.7 хувийг бүрдүүлсэн ч импортын 25.8 хувийг бүрдүүлжээ.

Уулзалтын хэлэлцээний хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Үр дүнд нь тус холбооны гишүүн оронд гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дурдсан юм.

ОУЭШ-ийн гишүүн оронд

Өөрийг нь баривчлах шийдвэр гаргасан Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн оронд Владимир Путин ийнхүү айлчилж байгаа нь сүүлийн хэдэн өдрийн турш олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдэв байлаа. Тус шүүхийн зарчмын баримт бичиг Ромын Дүрэмд нэгдсэн орнууд Владимир Путинийг газар нутагт нь ирвэл баривчлах үүрэг хүлээж байгаа аж.

ОУЭШ-ийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийхдээ “Дүрэмд нэгдсэн талууд шүүхийн шийдвэрийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй” бөгөөд хамтарч ажиллаагүй тохиолдолд ОУЭШ-ийн зүгээс зохистой гэж үзсэн арга хэмжээг авах боломжтойг хэлж байв.

 

Олон улс судлаач Ч.Сумъяа “Bloomberg TV Mongolia” ярилцлагадаа “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхээс тодорхой хэмжээний зэмлэл хүртэх байх. Гэхдээ манай нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж харж байна” хэмээгээд, 2019 онд ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний нөхцөлтэй холбон Монгол Улс энэ айлчлалыг тайлбарлах боломж бийг мөн тодотгосон юм.

Украины дайн эхэлснээс хойш Владимир Путин олон улсын харилцааны чиглэлээ дорно зүг рүү түлхүү чиглүүлж буй нь түүний айлчлалуудаас харагдана. 2022 оноос хойш тэрбээр Беларус, Азербайжаныг эс тооцвол зөвхөн Азийн улсуудад айлчлал хийжээ. Монгол дахь айлчлалынхаа дараа Владимир Путин Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.172.190)