Ногоон нуур, Дэнжийн мянга, Радио телевиз орчмын 1008 өрхөд орон сууцны батламж олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ “Ногоон нуур, Дэнжийн мянга, Радио телевиз орчмын 1008 өрхтэй ойрын хугацаанд хэлэлцээр хийсний үндсэн дээр орон сууцны батламж олгоно" гэж мэдээллээ.
БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур орчимд орон сууцны хороолол баригдаж байгаа ба одоогийн байдлаар барилгын ажил 90 хувьтай яваа аж. Тиймээс "Хотын сэргэлт", “20 минутын хот” төслийн хүрээнд уг хорооллыг нийслэлийн Орон сууцны санд шилжүүлж, 1008 өрхтэй хашаа байшинг нь орон сууцаар солих хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон байна.
Одоогийн жишиг өртгөөр 400 м.кв талбайтай, 40 м.кв байшинтай айлын газрыг 175 сая төгрөгөөр тооцож газрыг нь үнэлж авч буй. Газрын үнэлгээтэй холбоотой нэг ч маргаан гараагүй. 1695 өрхтэй яриа хийснээс 52 айл газраа өгөхөөс татгалзсан. Үлдсэн өрхүүд мөнгөө аваад, 100 хувь орон сууц худалдан авсан байна. Мөн автомашин худалдан авсан болон жижиг бизнес эхлүүлсэн өрх ч байна. “20 минутын хот” төслийг 1990 оноос өмнө манай улс хэрэгжүүлж байсан ба тухайлбал, Сансарын тунель орчим нь түүний сонгодог жишээ юм гэж хотын дарга энэ үеэр тодотголоо.
Тэдгээр 1008 өрх газраа чөлөөлсөний дараагаар барилгын компаниудын дунд арилжааны дуудлага худалдаа зохион байгуулах аж.