Оросын цэргийн түүх сонирхогч В.Котельников “Халхын гол дахь Агаарын дайн: Номонханы хэрэг явдал” судалгааны бүтээлээс

 

Оросын цэргийн түүх сонирхогч В.Котельников “Халхын гол дахь Агаарын дайн: Номонханы хэрэг явдал” гэсэн таван бүлэг, 112 тал бүхий судалгааг 2010 онд Британид хэвлүүлжээ.

Байлдаанд оролцсон 14 загварын онгоцны тактик техникийн өгөгдөхүүн, гэрэл зураг бүхий дэлгэрэнгүй тайлбарыг хавсаргасан, 100 гаруй гэрэл зураг түүний дотор оросын архивт байгаа гэрэл зургуудыг олноор оруулсан сонирхолтой судалгаа юм. Гэхдээ бүтээл нь өрнөдийн уншигчдад зориулсан, нөгөө талаар ашигласан эх сурвалжуудыг заагаагүй байна.

1938 оны сүүлчээр МАХЦ-ийн нисэх хүчин нь Р-5Ш загварын 39, сургалтын Р-5 таван онгоцтой байв. Гэхдээ 27-хон нисгэгчтэй байжээ. Матадад хоёр хороо нь байрлаж байсан. 100 дугаар агаарын холимог бригадын захирагч нь хурандаа Калиничев, тус бригадыг “57 оК-ын нисэх хүчин”, “нөхөр Фекленкогийн нисэх хүчин” гэх зэргээр нэрлэж байжээ, 38 онгоцтой үүнээс 14 И-15, 24 И-16 Тамсагбулагт байрлаж байв. 5 дугаар сарын 20-ны байдлаар зөвхөн 13 онгоц л техникийн бэлэн байдалтай, нисгэгч нар залуу туршлагагүй байв.

5 дугаар сарын 27-ны байдлаар 29 СБ бөмбөгдөгч, 17 Р-5 хөнгөн бөмбөгдөгч онгоцтой байв. Хороог СБ онгоцоор шинэчлэн сольж байсан бөгөөд 6 дугаар сард л дуусаж, 57 онгоцтой болсон. Хороо нь Баянтүмэнийг тойроод хэд хэдэн нисэх буудалд байрлаж байсан. Японы И-97 буюу Ки-27 загварын сөнөөгч нь хурд, маневр сайтай харьцангуй орчин үеийн онгоц бөгөөд онгоцны бүхээгийн хэсгийг хуяглаагүй, зэвсэглэлийг 7.69 мм-ийн хоёрхон пулемётоор хязгаарласан. Хурдаар И-16-аас бага зэрэг илүү байв.

Сөнөөгч онгоц нь радио хүлээн авагчаар тоноглогдсон, даргалах бүрэлдэхүүний онгоц нь дамжуулагчтай, энэ нь агаарт харилцан ажиллагааг хангах боломж олгосон. Харин зөвлөлтийн онгоцууд радио холбоогүй байв. Ки-97 нь далавчан дороо шатахууны нэмэлт сав бэхлэн явах боломжтой, ингэснээр алсын нислэгийн зай нь зөвлөлтийн СБ бөмбөгдөгчөөс хүртэл давж байв. Мөн бөмбөг зөөвөрлөх бэхэлгээтэй байжээ.

Японы түүхийн бичлэгт Халхын голын байлдаанд зөвлөлтийн Р-3ет загварын онгоц оролцсон гэх боловч тэр нь зөвхөн Хасан нуурын мөргөлдөөнд оролцож байсан юм. Японы түүх бичлэгт Халхын голд агаарын анхны тулалдаан 5 дугаар сарын 20-нд болсон, энэ өдөр Р-Зет болон И-16 загварын хоёр онгоцтой японы сөнөөгчид тулгарч Р-Зет-ийг сөнөөж бусад нь зугтсан гэх боловч энэ тухай тэмдэглэл зөвлөлтийн бичлэгт байдаггүй юм.

Харин 5 дугаар сарын 21-нд 6 мд-тэй холбоо барихаар явж байсан Р-5 онгоцыг унагасан тухай хоёр талын тэмдэглэлд адилхан байгааг хүлээн зөвшөөрчээ. Дараагийн тулалдаан 5 дугаар сарын 22-нд хоёр талаас тус бүр тав таван сөнөөгч онгоцуудын хооронд болжээ. Японы тал зөвлөлтийн гурван онгоцыг сөнөөсөн гэх боловч нэгийг л алдсан байна. 5 дугаар сарын 23-нд нисэхийн шинэ хороо Баянтүмэнд хүрэлцэн ирснээр түүний 64 онгоц техникийн хувьд хангалттай байсан боловч нисгэгчид нь туршлагагүй байв.

Харин нэг онгоц нь замдаа осолдсон, 59 онгоц нэмэгдэж ирсэн бөгөөд бас нэг онгоц замдаа осолджээ. Ингэснээр бүгд 203 онгоцтой болов. Энэ үед японы агаарын хүчийг 180 онгоцтой байсан гэж зөвлөлтийн тал үзэж байсан нь ташаарсан хэрэг юм. 5 дугаар сарын 28-нд Фекленко Москвад манай онгоцууд газрын ангиудыг халхалж чадахгүй, япончууд агаарт ноёлж байна хэмээн илтгэж байв. Мөргөлдөөний эхэн үед СБ онгоцыг алсын тагнуулд ашиглаж байсан бөгөөд Р-5-той харьцуулахад найдвартай боловч нисгэгчид нь дайсны цэргийн бүтэц, зохион байгуулалтыг мэдэхгүйгээс ажигласан үйлсэд нь ямар нэгэн үнэлэлт өгч, дүгнэлт хийх бололцоогүй байв.

Онгоц хурдтай нисдэгээс газарт ажигласан зүйлийг баримжаалах боломжгүй байв. Иймд 6 дугаар сарын 16-нд төвөөс АФА-13 хэмээх агаараас гэрэл зураг авдаг аппаратыг авчирч онгоцонд суурилуулжээ. 6 дугаар сарын 21-ний байдлаар зөвлөлтийн тал 301 онгоц, түүний дотор 151 сөнөөгч, японы тал 126 онгоц түүний дотор 74 сөнөөгч онгоцтой байжээ.

6 дугаар сарын 20-нд нэг батальон Ганжуур сүмийн хавьд японы байрлалыг довтолсон боловч гурван хуягтаа алдаж ухарчээ. 6 дугаар сарын 22-нд болсон агаарын тулалдааны дараа зөвлөлтийн СБ онгоцууд японы байрлалыг анх удаа бөмбөгдсөн байна. 6 дугаар сарын 24-нд японы сөнөөгч онгоцууд Халхын голын зүүн эргийг бөмбөгдөөд буцаж явсан зөвлөлтийн 23 бөмбөгдөгч онгоцыг дайрсан. 6 дугаар сарын 27-нд японы 30 бөмбөгдөгч, 74 сөнөөгч Тамсагбулагийг дайрч, японы 26 бөмбөгдөгч Баянтүмэнийг бөмбөгдсөн, энэ өдөр зөвлөлтийн тал 20 онгоцоо алдсан бөгөөд Баянтүмэнд нэг техникч алагдаж 19 хүн шархадсан.

Энэхүү зөвшөөрөлгүй дайралт нь дайнд бэлэн биш байсан Японыг ЗХУ-ын эсрэг дайнд татан оруулахад хүргэж болзошгүй гэж Токио болгоомжилсон юм. Үнэхээр ч зөвлөлтийн тал Алс дорнодод байрлаж байсан 100 гаруй хүнд бөмбөгдөгч ТБ-3 бүхий хоёр хороог бэлэн байдалд оруулж, захирагч нарт лацадсан дугтуйтай тушаал гардуулжээ. Зөвлөлтийн онгоцууд Солонгос, Манжуур, Японд буй аж үйлдвэр, тээврийн олон тооны объектыг дайрахаар бэлтгэсэн байв. Энэ үеэр ДБ-3 загварын алсын бөмбөгдөгч онгоцны хоёр эскадрилийг Алс Дорнодод шилжүүлэн байрлуулсан.

Халхын голын байлдаанд хүргэх яаралтай шуудан, тэргүүлэх ач холбогдолтой ачаа барааг агаараар тээвэрлэж байв. Монголын талд тээврийн онгоц байсангүй. Тэдэнд ганц хөдөлгүүртэй Сталь-3 загварын хоёр онгоц, АИР-6 мөн хуучирсан нэг Юнкерс онгоц байв. Эдгээр онгоцууд нисэхийн сургалтын төвд харьяалагдаж мөн тээврийн хэрэгцээг хангаж чадахгүй байв.

Иймд 5 дугаар сард хошууч “Егоровын бүлэг” гэж нэрлэгдэх болсон тээврийн 19 дүгээр эскадрилийг байгуулсан. Тус эскадриль 29 ТБ-3 бөмбөгдөгчийг Тамсагбулаг-Читагийн хооронд хүн хүч, зэвсэг галт хэрэгсэл, эмнэлгийн материал зөөхөд, хоёр ТБ-1 бөмбөгдөгчийг Улаанбаатар-Халхын голын хооронд удирдах бүрэлдэхүүнийг зөөхөд тус тус ашиглаж байв.

Мөн дөрвөн Р-8 хөнгөн бөмбөгдөгчийг холбоо барих зориулалтаар хэрэглэж байв. 8 дугаар сарын 17-нд гурван ТБ-3 онгоцоор хэвлэх төхөөрөмж, япон, хятад, монгол хэл дээрх суртал ухуулгын материалуудыг авчирсан. Халхын голын байлдааны сүүлчээр АНУ-аас худалдан авч байсан ДС-3 тээврийн 5-6 онгоцыг ашиглаж эхэлсэн. Эдгээр онгоцоор нийтдээ 350 тонн ачаа тээвэрлэжээ. ТБ-3 онгоц нэг удаад 6-8 хүнд шархтан зөөж байсан бол тус онгоц 18 шархтан зөөх боломжтой тэгээд ч тохилог, сувилагч нар шархтнуудтай нислэгийн явцад харилцаж, хандах боломжтой байв.

8 дугаар сарын 1-ний байдлаар зөвлөлтийн тал 525 онгоц, монголын тал Р-5 таван онгоцтой, 7 дугаар сарын 14-ний байдлаар японы тал 148 онгоцтой байв. Гэхдээ хятадын фронтоос нэмэгдэл хүчин татан ирүүлснээр 8 дугаар сарын байдлаар японы тал 200 гаруй онгоцтой болсон. Гэтэл зөвлөлтийн тагнуулын мэдээгээр японыг 450 онгоц, түүний дотор 252 сөнөөгчтэй байсан хэмээн ташаа үнэлж байжээ.

Зохиогч судалгаандаа зөвлөлтийн архивын материалд түшиглэн Монголын нисэх хүчний тухай жижиг хэсгийг оруулжээ. Хэдийгээр байлдааны ажиллагаа Монголын нутагт болсон боловч түүний нисэх хүчин тулалдаанд туйлын хязгаарлагдмал оролцсон гэж бичсэн байна. 7 дугаар сарын дундаас л монголын нисгэгчид тулалдаанд оролцож эхэлсэн. Шалтгаан нь нисгэгчдийн бэлтгэл хангалтгүй, онгоцууд  хоцрогдсонтой холбоотой байв. Р-5 онгоц нь дайсны сөнөөгч онгоцны хялбар зууш болох байсан тул зөвхөн шөнийн цагаар л ашиглах боломжтой. Найман онгоц бүхий Бор ахлагчтай шөнийн анхны нислэгийн багийг бэлтгэсэн. Хүн хүч дутагдалтай тул зөвлөлтийн сургагч, зааварлагч нар монголчуудыг орлон нисэхэд хүрч байв.

Монголын онгоцуудыг зөвлөлтийн таних тэмдгээр тэмдэглэсэн. 7 дугаар сарын 13-нд анхны нислэг хийсэн гурван онгоцыг зөвлөлтийн нисгэгч Зайсанов (зохиогчийн бичсэнээр авав. Р.Б) ахлан нисчээ. Нийтдээ байлдааны 165 нислэг үйлдсэн байна.

Зөвлөлтийн тал гал зогсоосны дараа японы олзлогдсон таван нисгэгч, 55 шарилыг буцаан өгчээ. 5 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 15 хүртэл зөвлөлтийн онгоцууд 20524 нислэг үйлдсэний 14458 буюу 70 хувийг 8 дугаар сард хийжээ. Зөвлөлтийн тал японы 646 онгоцыг устгаснаас агаарын байлдаанд 588, газарт 58, зенитийн галаар 14 онгоцыг унагасан гэж үзсэн. Японы тал зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэдэг. Эдгээр харьцуулалтаас үзэхэд уншигчдад тоо баримт нь суртал ухуулгын чанартай гэдэг нь харагдана.

Зөвлөлтийн тал өөрт байсан онгоцноос илүү тооны онгоцоор хохирно гэж байхгүй. Орчин үеийн оросын түүхчид зөвлөлтийн тал японы хохиролыг 4 дахин, японы тал зөвлөлтийн хохиролыг 6 дахин өсгөсөн гэж үзэж байгаа юм. Ахмад С.Грицевецийг хамгийн олон онгоц унагасан гэх боловч түүний сөнөөсөн онгоцны тоог одоо хүртэл тогтоож чадаагүй байна. Гэхдээ ахмад Н.П.Дердев 11 онгоцыг унагаж хамгийн дээд амжилт тогтоосон гэж оросын түүхч Н.Г.Бодрыгин үзжээ. Тухайн үед Улаан Армийн нисэх хүчинд үйлчилж байсан дүрмээр бол дайсны хохирлыг зөвхөн нисгэгчийн өөрийнх нь мэдээллээр тооцож байсан бөгөөд хөндлөнгийн гэрчийн баталгаа шаарддаггүй байв.

Харин дараа нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс л газрын албаны ажиглалтын нотолсон мэдээ, сөнөсөн онгоцыг газар дээр нь шалгаж тэмдэг дугаар бүхий хэлтэрхийн хэсгийг авчирах үүрэг бүхий тусгай комиссыг явуулж шалгадаг журамд шилжжээ.

Зөвлөлтийн тал Халхын голын байлдаанд 5 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 15-ныг дуустал 252 онгоцоо алдсанаас 43 нь техникийн ослоос болжээ. Гэхдээ энэхүү тоонд тулалдааны явцад болон дараа нь засвар авах боломжгүйгээс хассан онгоцууд орохгүй байгаа юм. Гол төлөв сөнөөгч 436 онгоцыг засварт явуулсан. Зөвлөлтийн нисэх хүчнээс 174 хүн алагдсанаас 88 нь агаарт алагдсан, 113 хүн шархадсан. Японы бөмбөгдөгч онгоцтой харьцуулахад зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд илүү идэвхтэй байв, тэд 2015 нислэг үйлдсэнээс 74 хувийг дайсны байрлалыг бөмбөгдөхөд зориулжээ. Бөмбөгдөгч онгоцны багууд 77 нисгэгчээр хохирсон. Японы хохирол 162 онгоц, түүнээс гадна байлдаанд гэмтэл авсан 220 онгоцыг засварласан байна. Оросын түүхчид японы тал хохиролын хэмжээгээ зориудаар багасгасан гэж үздэг.

Японы нисэх хүчнээс 152 хүн алагдаж, 66 шархадсан. Зөвлөлтийн хохиролд  сураггүй алга болсныг тооцдог бол японы хохиролд тооцдоггүй аж. Тулалдааны эхний шатанд японы тал сайн техник, сайтар бэлтгэгдсэн нисэх бүрэлдэхүүнтэй байв. Харин зөвлөлтийн тал хуучирсан техник, нисгэгчид нь туршлагагүй байв.

ЗХУ шинэ онгоц, зохих ёсоор сургагдсан нисгэгчдийг ирүүлж, тэдний туршлагыг бусад нь ашигласнаар нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Тулалдааны эцсээр японы тал хохирлоо нөхөх чадваргүй болж Ки-10, Ки-4 зэрэг давхар далавчтай хуучирсан онгоцуудыг ашиглах болсон юм. Японы нисгэгчид ч олон удаа нисч, амрах хугацаа нь багассанаас туйлдан, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж, ялалтад тэмүүлэх зүрх зориг нь суларч иржээ.

(Судлаач Р.Болдын бичсэн “Халхын голын байлдааныг АНУ-д судалсан нь” номноос товчлон авав)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.181)