Халхын голын дайны онцлох 10 баримт

1. ДАЙНЫ ШАЛТГААН ЯПОНЫ ТҮРЭМГИЙ БОДЛОГООС ҮҮДЭЛТЭЙ

Япон улс 1932 онд зүүн хойд Хятадыг эзлэн Манж улсыг байгуулж цаашлаад Зөвлөлт Холбоот Улсын Алс Дорнод, Сибирьт санаархаж эхэлсэн юм. Мөн ЗХУ-ын холбоотон БНМАУ-ын газар нутгаар дамжуулан Байгаль нуурын өмнөд талаас цохилт өгөх төлөвлөгөөтэй байв. ЗХУ болон БНМАУ нь 1936 онд Харилцан туслалцах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Зөвлөлтийн Улаан Армийн 57 дугаар онцгой корпус БНМАУ-ын нутаг дэвсгэрт орж ирэн Японы эсрэг болзошгүй дайнд бэлтгэж эхэлсэн билээ.

2. ЗӨВЛӨЛТИЙН  УЛААН АРМИ ХАСАН НУУРТ ЯПОНЧУУДТАЙ ӨМНӨ УЧИРЧ БАЙСАН

Зөвлөлт Холбоот Улс 1938 онд Хасан нуурт Японтой байлдаж нэлээд хүн хүчээ алдан хохирч байж туршлага хуримтлуулсан бөгөөд Японы цэргийн байлдах арга ухаан, зэр зэвсэг, цэргийн хүчин чадлыг ямар нэгэн хэмжээгээр мэдэж байсан юм.

Харин Монгол Улс Япончуудтай анх удаагаа тулгарсан нь Халхын голын дайн байв. Зөвлөлт Холбоот Улс болоод Япончуудын аль аль нь Халхын голд дахин даагаа нэхэхээр шийдсэн юм.

 

3. ЯПОН УЛС МОНГОЛ УЛСААС ГАЗАР НУТГАА ШААРДАЖ ТАТГАЛЗСАН ХАРИУ АВСАН

Японы тал Халхын голын зүүн эргээс Монгол Улсын хил хүртэлх 20 орчим км газар нутгийг Манж улсын газар нутаг хэмээн үзэж, өөрийн хяналтаа тавих гэж оролдсон юм. Энэ нь ч цаанаа учир шалтгаантай байжээ. Тухайлбал, Хянганы нурууны зүүн талаар тавьж буй Японы төмөр зам хилийн шугамаас 2 км хүрэхгүй зайд баригдахаар байсан бөгөөд Монгол-Зөвлөлтийн их буу болоод төрөл бүрийн буудлагын зэвсгийн галаас төмөр замаа найдвартай хамгаалахын тулд Монголын хилийг Халхын голын баруун эрэг хэмээн үзсэн юм. Үүнийг нь БНМАУ-ын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй билээ. Үүнээс үүдэн удаа дараагийн хилийн зөрчил маргаан эхэлсэн байдаг.

 

4. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЭХЛЭЛИЙН ХАМГИЙН ИДЭВХТЭЙ ҮЕ НЬ 1939 ОНЫ 5 ДУГААР САР БАЙСАН

Халхын голд болж байсан үйл явдлуудаас 1939 оны 5 дугаар сар хамгийн идэвхтэй дайны өмнөх үе байжээ. 1939 оны 5 дугаар сарын эхээр Японы талын цэргийн ажиллагаа хамгийн идэвхтэй үедээ орсон. Японы 23 дугаар явган дивиз БНМАУ-ын Хилийн цэрэг болоод 6 дугаар морьт дивизийн эсрэг томоохон хүчээр дайрах болсон.

Түүхэнд 5 дугаар сарыг Халхын голын хамгийн идэвхтэй, эгзэгтэй цаг үе гэж нэрлэдэг. Ялангуяа 1939 оны 5 дугаар сарын 11-28-ны өдрүүдэд томоохон тулалдаан явагдаж Халхын голын дайн эхэлсэн гэж үздэг.

 

5. ХАЛХЫН ГОЛД Г.К.ЖУКОВ АНХНЫ ТОМООХОН ЯЛАЛТАА БАЙГУУЛСАН

Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайн зэрэг олон дайн, тулалдаанд Г.К.Жуков оролцож ялалт байгуулж байсан ч Халхын голын дайн нь түүний томоохон нэгтгэлийг удирдаж орсон анхны том дайн байсан. Тэрээр энэхүү дайнд 57 дугаар онцгой корпус, армийн нэгдүгээр бүлгийг удирдсан юм. Энэ дайнаас түүний алдар нэр нь дэлхий дахинд цуурайтаж аугаа их жанжин болох эхлэл нь тавигдсан түүхтэй. Мөн тэрээр Сталины махны машинд өртөх нь тодорхой байсан ч манай улсад ирснээр аврагдсан учраас Монголын тал нутаг, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархан явдаг байсан юм.

 

6. ЗХУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ТАНКИЙН АНХНЫ ТОМ ТУЛАЛДААН ХАЛХЫН ГОЛД БОЛСОН

1939 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Японы цэргүүд Халх голын баруун эрэгт Баянцагааны нуруунд эхний болоод эцсийн удаа бэхжих гэж оролдсон нь ЗХУ-ын хувьд танкийн анхны том тулалдааны эхлэлийг тавьжээ.

Баянцагааны нуруунд хориглосон Японы цэргийг ямар ч хамаагүй үнээр устгах нь чухал байсан учир Г.К.Жуков 57 дугаар онцгой корпусын 11 дүгээр танкийн бригадыг аяны журмаас шууд явган цэргийн дэмжлэггүй аймшигт тулалдаанд оруулсан бөгөөд 180 гаруй танкийн 50% нь устгагдсан юм. Үүнийг хожим Баянцагааны хядлага гэж нэрлэх болсон.

 

7. ХАЛХЫН ГОЛ ДАХЬ ЯПОНЫ ЯЛАГДАП НЬ УРЬДЧИЛАН ТААМАГЛАЖ БАЙСНААС НЬ ИЛҮҮ ИХ ХОХИРОЛ АВЧИРСАН

Халхын голд Японы 6 дугаар арми сүйрч нийт хохирол нь 61000 орчим болсон бөгөөд үүнээс 45000 орчим нь 7, 8 дугаар сард амссан хохирол байсан юм. Харин Зөвлөлтийн талын нийт хохирол нь 18000 орчим хүн байсан юм.

 

8. ЭНЭ ДАЙНД ЯЛАГДСАН НЬ ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРОХОД ХҮРГЭСЭН

Халхын голын эсрэг тэмцэл 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан. Энэ нь Японы эрх баригчдын хувьд Хасан нуурын ялагдлаас хойших хоёр дахь том цохилт болсон бөгөөд тэд наймдугаар сарын 23-ны өдөр Москва хотод ЗХУ, нацист Герман хоёрын хооронд түрэмгийллийн гэрээнд гарын үсэг зурснаар тааламжгүй болжээ. Үүний үр дүнд 1939 оны 1 дүгээр сараас хойш энэ албан тушаалд томилогдсон Япон Улсын Ерөнхий сайд Хиранума Китиро огцрох шаардлагатай болсон. Китиро нь 1946 онд Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхийн шүүгдэгчдийн нэг байсан бөгөөд тус шүүхээс хорих ял оногдуулсан юм.

 

9. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ҮЕД ЗХУ-ЫН БААТРЫН АНХНЫ “АЛТАН ТАВАН ХОШУУ” БИЙ БОЛЖЭЭ.

Халхын голын дайнд ялалт байгуулсан ЗХУ-ын 70 (73, 74 ...) дарга, цэрэг ЗХУ-ын баатар цол хүртсэн бөгөөд 27 нисэгч, 26 танкист, 14 цэрэг, 3 их буучин, 20 хүн нэхэн шагнагдсан. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар 1939 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ЗХУ-ын баатарт зориулсан онцгой ялгах тэмдэг буюу ЗХУ-ын баатар хэмээх медалийг бий болгожээ.

 

10. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТ 1941 ОНД МОСКВАГ ХАМГААЛАХАД ТУСАЛСАН

Халхын голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэргүүд ялж Японд сайтар сургамж өгсөн нь Аугаа их эх орны дайны үед Москва хотыг Германы цэргээс хамгаалахад тус болсон. Холбоотон Берлинээс ирсэн дарамт шахалт, гуйлтыг үл харгалзан Японы удирдагч нар 1941 онд ЗХУ руу хүчтэй дайралт хийхгүй байхаар шийдсэн. Энэ нь Москвагийн дэргэд Сибириэс цэргийн ангиудыг Москва хүртэл шилжүүлэх боломжийг олгосон бөгөөд энэ нь Москвагийн тулалдааны үр дүнг шийдсэн байна. Япончууд Халхын голд авсан томоохон сургамжаа сайн санаж байсан учраас дахин Зөвлөлтийн эсрэг дайтаагүй юм.

БХЭШХ-ийн ЦТСТ-ийн дарга, доктор (Рh.D), хошууч Т.СҮХБААТАР

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.148)