Дорнын эдийн засгийн IX чуулга уулзалт эхэллээ
Дорнын эдийн засгийн IX дүгээр чуулга уулзалт Владивосток хотноо Алс Дорнодын Холбооны Их сургуулийн хотхонд мягмар гарагт эхэллээ.
“Алс Дорнод-2030” сэдвийн дор зохиогдож буй энэ удаагийн чуулга уулзалтад 76 улс орон, нутаг дэвсгэрийн 6000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Чуулга уулзалтын эхний өдөр "Шонхор шувууны өдөр" олон улсын хоёрдугаар чуулга уулзалт болсноос гадна БРИКС-ийн орнуудын бүтээлч инновацын чуулга уулзалтын хэд хэдэн салбар хуралдаан явагдаж, хэлний дижиталчлал, бүтээлч үйлдвэрлэл, Алс Дорнод дахь компьютерийн тоглоомын салбарын хөгжлийн талаар хэлэлцжээ.
Уламжлал ёсоор чуулга уулзалтын эхний өдөр “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэн нээгдэж, Алс Дорнодын Холбооны тойргийн 11 бүс нутаг, яамд, төрийн корпорацууд гол төслүүдээ танилцуулж байна.
Чуулга уулзалтын бизнес хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр”, “Бие даасан байдлын технологи”, "Санхүүгийн үнэ цэнийн систем", "Алс Дорнодын Орос орон", "Хүмүүс, боловсрол ба эх оронч үзэл", "Тээвэр ба ложистик: шинэ маршрут", "Мастер төлөвлөгөө: архитектураас эдийн засаг хүртэл" гэсэн долоон сэдвийн дор 100 орчим салбар хуралдаан болно. ДЭЗЧУ-ын үеэр мөн ОХУ-ын бизнес эрхлэгчид Хятад, Энэтхэг, АСЕАН-ы орнуудын түншүүдтэйгээ бизнесийн яриа хэлэлцээ хийнэ. Төлөвлөсний дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд спортын ба урлагийн тоглолтууд болно.
ВЛАДИВОСТОК, 2024 оны есдүгээр сарын 4 /RIA Novosti/.