Ж.Ган-Эрдэнэ: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсролын чанарыг сайжруулна
Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнийг урилаа.
БЛИЦ:
Боловсрол:
- 2003 онд: ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн "Програм хангамжийн инженер", Бакалавр
- 2018 онд: ШУТИС-ийн МХТС-ийн "Мэдээллийн систем", Магистр
Ажил эрхлэлт:
- 2004-2006 онд: БСШУСЯ-дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн
- 2006-2015 онд: “Майтеч” ХХК-ийн захирал
- 2015-2016 онд: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга
- 2016 оноос: БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирал
ЭЕШ-ЫН ДҮНГ ШАЛГУУЛАГЧДЫН ДЭРГЭД ШУУД ЗАСНА
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг технологийн давуу тал ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байна. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсон. Шууд засалтыг өнгөрсөн жил Ховд, Орхон аймагт хэрэгжүүлэхэд шалгуулагчид болон эцэг эхчүүдийн зүгээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Тиймээс энэ жил энэ зохион байгуулалтын дагуу улсын хэмжээнд дүнг шууд засахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Мэдээллийн технологийг ашиглаад аливаа ажлыг шударга, шуурхай, ил тод зохион байгуулж болдог юм байна гэдэг нь шууд засалтын технологийн давуу талуудаас харагдаж байгаа. Тухайлбал, жил бүр 10 мянга орчим шалгуулагч сумын төвөөс аймгийн төв рүү шалгалтаа өгөх гэж нэг ирнэ. Дараа нь 14 хоногийн дараа дүнгээ сонсон, хуваарь сонгох гэж дахин нэг ирдэг нь шалгуулагчдын хувьд тодорхой зардал, чирэгдэл гаргадаг байсан.
Тэгвэл энэ жил шууд засалтын технологийг нэвтрүүлснээр шалгуулагчид шалгалтаа өгөөд, шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ сонсоод, ЭЕШ-аа дуусгаад шууд хуваарь сонголтоо хийгээд нэг удаагийн ирэлтээр бүх ажлаа амжуулчих учраас өмнөх жилүүдийнх шиг хүндрэлүүд байхгүй болно.
Өмнөх онуудад 14 хоногийн хугацаанд бүх шалгалтын материалуудыг улсын хэмжээнд төвлөрүүлж, цагдаагийн хамгаалалт дор олон хүнийг маш өндөр зардалтайгаар засалтын ажлыг зохион байгуулж ирсэн. Одоо шууд засалтын технологи нэвтрүүлснээр зохион байгуулалтын зардал бодитой хэмнэгдэж байгаа.
Хамгийн гол нь ЭЕШ-аа сайн өгөөд, хүссэн сургуульдаа элсэн орох нь сурагчдын хувьд амьдралынх нь чухал үе юм. Ийм хүсэл мөрөөдөл, зорилго тээж яваа хүүхэд, залуучууддаа ил тод, шударга байдлыг бодитой үзүүлж чадаж байгаа нь бидний ажлын ололт, амжилт юм.
ШАЛГАЛТЫН ДААЛГАВРУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ САНД БАЙРШУУЛСАН
-Боловсролыг үнэлгээнд нэвтрүүлж байгаа дараагийн гол технологи бол нээлттэй даалгаврын сан юм. Энэ нь ерөнхий боловсролын хичээлийн шалгалтын даалгаврыг itembank.eec.mn вэб хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулсан мэдээллийн цахим сан юм. Аливаа зүйл ил тод, нээлттэй байх тусмаа хөгждөг.
Шалгалтын даалгаврыг нээлттэй болгосноор боловсролын үнэлгээг ил тод явуулж, боловсролын чанар, үр дүнг дээшлүүлэх, тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагааны ахиц амжилтыг ахиулах зэрэгт чухал нөлөөтэй байна.
Бид өмнө нь шалгалтын сэдэв даалгавар задарсан уу, задраагүй юу гэдэг тухай их ярьдаг байсан. Тэр даалгавар сайн, муу гэж хэн ч ярьдаггүй байлаа. Уг нь бид даалгавар задарсан тухай биш даалгаврын чанар, энэ даалгавар хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сорьж, шалгаж чадаж байна уу гэдэг тал дээр илүү анхаарч ярилцаж байвал, түүнийгээ дагаад сургалтын чанар сайжрах юм. Тэгэхээр даалгаврыг нээлттэй болгоод ирэхээр нийгэмд байдаг сэдэв задардаг хардлагыг бүрэн арилгаж чадсан гэж ойлгож болно. Одоо харин бидний энэ гаргасан нээлттэй даалгаврууд дээр багш нар ажиллах, санаа бодлоо хэлж, хэлэлцмээр байгаа юм. Ингэвэл дагаад сургалтын чанар сайжирна.
Нөгөөтэйгүүр, энэ зөвхөн даалгаврын цахим сан бус, харин өөр олон зорилгоор ашиглах боломжтой юм. Тухайлбал, багшийн ачааллыг багасгах, сурагчдад хичээлийн хөтөлбөрийн дагуух даалгавруудаас өөрийгөө дүгнэн, чадвараа дээшлүүлэн бие даан суралцах болон эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсролд хяналт тавих боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм.
Одоогоор нээлттэй даалгаврын санд боловсролын түвшин, хичээл тус бүрээр бэлтгэсэн нийт 46 мянга гаруй шалгалтын сэдэв, 16 мянга гаруй даалгавар байршиж байна. Та эдгээр даалгаврыг хүссэн үедээ, хүссэн газраасаа, хэзээ ч орж үзсэн нээлттэй байх бөгөөд мэдээж ямар ч үнэ төлбөргүй. Мөн хамгийн чухал нь эдгээр даалгавруудаас V, IX, XII ангийн сурагчдын улсын шалгалтын материал ирэх болно.
Бид өмнөх онд анх удаа улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгууллаа. Улсын шалгалтад нээлттэй даалгаврын сангаас даалгаврыг оруулснаар шалгалтын материалыг тэр дор нь боловсруулах, урьд өмнө тохиолдож байсан шалгалтын материал задрах зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадаж байгаа юм.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАЖ БАЙЖ Л ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨНӨ
Бидний дараагийн шатны хийж байгаа том ажил бол хиймэл оюун ухааныг боловсролын үнэлгээнд нэвтрүүлэх явдал юм. Үүний нэг бодит ажил нь хиймэл оюун ухааныг ашиглаад, даалгаврын чанарыг сайжруулах судалгааны ажлыг эхлүүллээ.
2019 онд бид нээлттэй даалгаврын санд 14 мянган даалгаврыг худалдан авна. Энэ ажлыг багш нарын дунд нээлттэй зарлаж байгаа. Багш нарт даалгавар зохиох эрхийг нээлттэй болгох нь бодит орлого олох, ур чадвараа сайжруулах боломжийг олгосон зөв хандлага юм.
Энэ зөв хандлагыг дэмжсэн технологийн шийдлээ давхар хийж явахгүй бол манай байгууллагын хийх ажлын хэмжээ болон ачаалал нэлээд нэмэгдэхээр байна.
Тиймээс бид боловсролын салбарын хөгжил, мэдээлэл технологийн давуу тал, ажлын ачаалал, хүний нөөц зэргээ бодсон ч энэ салбарт хиймэл оюун ухааныг ашиглах зайлшгүй шаардлага урган гарч ирж буй юм. Нөгөөтэйгүүр хиймэл оюун ухааныг ашиглаж байж бид олон улсад өрсөлдөх боломж нээгдэнэ. Тиймээс нээлттэй даалгаврын санг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглахаар судалгаа, шинжилгээ хийгдээд явж байна.
Боловсролын салбарт, багшийн ажлын үзүүлэлт, сурагчдын сурлагын ахиц амжилтыг үнэн зөв шалгаж тогтоох, үнэлэх систем илүү тодорхой болж, бодит үр дүн, эерэг хандлага гарч ирнэ гэсэн итгэлтэй байгаа. Ялангуяа үнэлгээ хийнэ гэдэг бол ямар нэгэн субьектив хандлага орох ёсгүй байдаг. Тиймээс энэ ажлыг хэн шударга, нээлттэй, ил тод үнэн зөв хийх вэ гэхээр робот л хийнэ.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ “ЭМРАЙ” НЭВТРҮҮЛЛЭЭ
-ЭЕШ-ыг аваад, дүнг нь гаргаад, сурагчид авсан оноогоороо их, дээд сургуульд элсэж ороод болчихдог зүйл бас биш юм.
ЭЕШ-ын тайланг мэргэжлийн байгууллагын хэмжээнд, ЕБС-д хүртэл зориулж эргэх холбоог сайжруулах зорилготой ухаалаг тайлангийн программ боловсруулан гаргаад байна. Ухаалаг тайлангийн программын тусламжтайгаар улсын хэмжээнд ямар ч аймаг, дүүрэг, сумын сургуулийн аль ч анги, бүлгийн хүүхдүүдийн ЭЕШ-ын даалгаврын үзүүлэлт, ямар хэмжээнд гүйцэтгэсэн, юун дээр яагаад алдаад байгааг нь мэдэх боломжтой болсон.
Энэ маань эрүүл мэндийн салбартай зүйрлэвэл боловсролын салбарт “эмрай” нэвтэрч байна гэж ойлгож болно. Өмнө нь бид, сурагчид ямар даалгаврыг хийж чадаж байгаа, чадахгүй байгааг ерөнхий байдлаар нь хэлдэг байлаа. Тэгвэл энэ систем нэвтэрснээр яг аль даалгаврыг ямар учраас хийж чадахгүй байна гэдгийг мэдэх боломжтой юм. Эмч хүн өвчтөнөө оношлохгүйгээр эмчилгээ хийдэггүй шиг, багш, сурагчид алдаа, оноогоо мэдэхгүйгээр цааш хөгжихгүй, боловсролын чанар нь ч бас сайжрахгүй.
Сурагчид юун дээр алдсан, багш хэрхэн анхаарах шаардлагатайг ухаалаг тайлангийн программ бидэнд хэлж өгч байна. Тиймээс ухаалаг тайлангийн программ боловсролын салбарт хөгжил дэвшил авчирна гэдэгт итгэж байна.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР БИД МАНЛАЙЛЖ БАЙГАА
-Олон улсын боловсролын үнэлгээний хөгжлийн чиг хандлага нь цахим суурьт үнэлгээ рүү эрчимтэй шилжиж байна. Үүний нэг тод жишээ нь 2021 онд дэлхийн 100 орчим улс оролцох “PISA – 2021” буюу олон улсын сурлагын амжилтын судалгаа компьютер дээр зохион байгуулагдах юм. Энэ судалгаанд Монгол Улсын 15 настай сурагчид компьютер дээр шалгалт өгнө.
Иймээс бид дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд мэдээлэл технологийг боловсролын үнэлгээнд нэвтрүүлж ажиллахаас өөр аргагүй.
Боловсролын үнэлгээг хүний оролцоогүй, ямар нэгэн нөлөөлөлгүй байх талаас нь онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Нээлттэй даалгаврын сангаас шалгалтаа аваад шууд нээлттэй дүнг нь харуулдаг болгож байна.
Сурагчдын даалгаврын дүн, оноон дээр суурилаад тухайн анги, бүлгийн багш нар өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх боломжтой болсон. Энэ бүхнээс харвал боловсролын салбарт, тэр дундаа боловсролын үнэлгээнд нэвтрүүлж байгаа технологиороо бид олон улсад тэргүүлэгчдийн эгнээнд очиж чадаж байгаа. Энэ онд улсын хэмжээнд ЭЕШ-ын дүн оноог шууд гаргах систем бүрэн нэвтрүүлснээр олон улсад илүү байр суурьтай болно.