Сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь нийслэлд илэрч байна

 Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх салбарын 100 жилийн ойд зориулсан "Сүрьеэ судлал-100 жилд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 30-31-нд боллоо.

Сүрьеэ өвчин дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. ДЭМБ-ын тайлангаас үзэхэд жил бүр 10,4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1,8 сая хүн нас бардаг байна. Нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог. Мөн дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн нянгаар халдварласан байдаг нь нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байна.

 

Манай улс сүрьеэгийн тархалт ихтэй орны тоонд багтдаг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Жилээс жилд нэмэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь нийслэлд илэрч, өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насны өсвөр үе болон хөдөлмөрийн насны залуучууд эзэлдэг байна.

Энэ удаагийн хурал Сүрьеэтэй тэмцсэн түүх, ирээдүйн бодлого, төлөвлөлт судалгаа, хөгжүүлэлтийн шинэлэг арга, Глобаль эрүүл мэндийн асуудлууд, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи, шинэлэг арга хэмжээний үр нөлөө, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн оролцоо гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, оролцогчид шилдэг 20 илтгэлийг хэлэлцэж, сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж, Монголын анагаах ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС, төрөлжсөн нарийн мэргэшлийн төв эмнэлэг, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 140 гаруй хүн оролцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)