Манай гараг 3.1 хэмээр дулаарч болзошгүйг анхааруулжээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх одоогийн бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байвал энэ зууны эцэс гэхэд манай гараг дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 3 хэмээр дулаарна гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан шинэ тайланд дурджээ. Энэ нь дэлхийн улс орнуудын 10 орчим жилийн тохиролцсон зорилтоос хоёр дахин их юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өгсөн улс орнуудын амлалтуудыг шаардлагатай байгаа арга хэмжээнүүдтэй харьцуулан дүгнэдэг “Emissions Gap” жил тутмын тайланд бичсэнээр, засгийн газрууд дэлхийн дулааралд нөлөөлж буй хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд илүү их арга хэмжээ авахгүй бол 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 хэмээр дулаарах тооцоо гарчээ.

Дэлхийн улс орнуудын 2015 онд баталсан Парисын хэлэлцээрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюултай үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихаар тусгасан юм. Гэтэл дэлхийн хүлэмжийн хийн ялгарал 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийн эквивалент болж шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн гэж тайланд дурджээ. 

Улс орнуудын ирээдүйд хэрэгжүүлэх амлалтыг харгалзан үзвэл, агаарын температур 2100 он гэхэд 2.6-2.8 хүртэлх хэмээр өснө гэж шинжээчид дүгнэсэн нь сүүлийн гурван жилийн дүгнэлттэй нийцжээ. “Хэрэв 2030 он гэхэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх чиглэлд гаргаж буй ахиц дэвшлийг авч үзвэл, ялангуяа “Хорийн бүлэг”-ийн гишүүн орнууд төдийлөн ахиц дэвшил гаргаагүй байна” гэж тайланг гаргасан шинжээч Энн Олхофф хэлжээ. 

Дэлхий одоогоор аж үйлдвэржилтийн өмнөх үеэс ойролцоогоор 1.3 хэмээр дулаараад байна. Дэлхийн улс орнууд ирэх сард Азербайжанд болох НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хуралд /COP29/ оролцож, олборлодог түвшний хэрэглээг бууруулах талаар өнгөрсөн онд хүрсэн тохиролцооны талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.56)