“Joker”-ийн шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

Америкийн “Уорнер Брос” студийн бүтээл “Joker: Folie a Deux” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 40 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.

Гэхдээ үүнийг 2019 онд дэлгэцнээ гарсан “Joker” киноны нээлтийн орлоготой /96.2 ам.доллар/ харьцуулахад нэлээд буурсан байна. Уг кино нь Америкийн жүжигчин Хоакин Феникст “Оскар”-ын наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг авчирч, дэлхий даяар нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон юм.

Кино урлагийн салбарын шинжээч Дэвид А.Гросс супер баатрын цувралын дараагийн ангийн хувьд сулхан нээлт боллоо гэж тодорхойлжээ. “Folie a Deux” ангид Х.Феникс дахин хорон санаатны дүрийг бүтээсэн бол Харли Квинний дүрд Америкийн дуучин Леди Гага тоглосон юм.

Харин өнгөрсөн долоо хоногт кассын орлогоороо тэргүүлсэн “ДримУоркс Анимейшн” студийн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл “The Wild Robot” 18.7 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Эдгээрийн араас “Beetlejuice Beetlejuice” /10.3 сая/, “Transformers One” /5.4 сая/, “Speak No Evil”  /2.8 сая/ кинонууд эхний тавд оржээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.216.15)