С.Амарсайхан 56.8 хувийн санал авч Нийслэлийн засаг даргад томилогдохоор болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр 19.30 цагт нийслэлийн “Хангарьд” ордноо өндөрлөлөө.

Хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарыг сонгохоор нууцаар санал хураав. Санал хураалтад НИТХ-ын нийт 45 төлөөлөгч оролцож, нэр дэвшигч С.Амарсайхан 25 төлөөлөгчийн буюу 56.8 хувийн санал, нэр дэвшигч С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн санал тус тус авлаа. Ингэснээр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тодроод байна. Түүнийг нийслэлийн Засаг даргад томилуулах саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар болов. Ерөнхий сайд хуулийн дагуу тав хоногийн дотор батламжлах заалттай юм.

С.Амарсайхан: Богино хугацаанд үр дүн гаргахаар ажиллана

“Ажлаа юунаас эхлэх вэ?” гэсэн сэтгүүлчдийн асуултад С.Амарсайхан, “Санал хураалт хууль журмын дагуу боллоо. Ном журмын дагуу шийдвэр эцэслэн гарсны дараа байр сууриа албан ёсоор илэрхийлнэ. Хийх ажлыг холоос хайх хэрэггүйг та бүхэн мэдэж байгаа. НИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Бодлого гаргах, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж үр дүнд хүрэх хоёр өөр. Утаа, автозамын түгжрэл, хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт гээд олон ажил хүлээж байгаа. Нийслэлийн хүн ам, оршин суугчид ая тухтай ажиллаж амьдрах нийгмийн асуудлыг шийдэх талаар богино хугацаанд үр дүн гаргахыг зорьж ажиллана” гэв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.123)