Завсрын сонгуулийн дүн Д.Трампын гадаад бодлогод нөлөөлөх үү
Энэ сарын 6-ны өдөр АНУ-д Конгрессын завсрын сонгууль болж, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь сонголоо. Үүнтэй нэгэн зэрэг 46 муж улсын хууль тогтоох байгууллагуудын 6073 гишүүн болон 39 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчдыг сонгох сонгууль болж өнгөрсөн юм.
Сонгуулийн дүнгээр бүгд найрамдахчууд Конгрессын дээд танхим болох Сенатад олонхийн байр сууриа хадгалж үлдэж чадсан бол Ардчилсан намынхан доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд 218-аас дээш тооны суудал авснаар олонх болсон төдийгүй 22 муж улсад захирагчийн сонгуульд ялалт байгуулжээ.
Ерөнхийдөө Конгрессын завсрын сонгуулиуд нь нам гүмхэн байдалд болж, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг төдийлөн татдаггүй байсан бол энэ удаад сүүлийн 50 жилийн хугацаанд сонгогчдын ирц хамгийн өндөр байлаа. Аливаа завсрын сонгууль нь АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд ард олны дунд ямар байгааг харуулдаг толь бөгөөд дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “бие халаалт” болж байдгаараа онцлог.
Ер нь бол, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан намынхан Конгрессын завсрын сонгуульд ялдаг гэсэн зүй тогтол гэмээр үзэгдэл байдаг учраас Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд давамгайлна гэдгийг тааварлахад төдийлөн ч хэцүү биш байлаа.
Гэхдээ энэ удаад хоёр намын аль нь ч бардам ялалт байгуулж чадсангүй. Гэсэн хэдий ч өрсөлдөгч БНН ба АН өөрсдийгөө сонгуульд амжилттай оролцсон гэж дүгнэж байна. Тухайлбал, нам нь Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудлаа алдсанхэдий ч Ерөнхийлөгч Д.Трамп твиттерээр жиргэхдээ, сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол Ардчилсан намын дарга Нэнси Пелози сонгуульд ялсанд нь намынхандаа баяр хүргээд, өөрийгөө Төлөөлөгчдийн танхимын дарга болно гэдгийг зарлан мэдэгдлээ.
Ардчилсан нам 2010 оноос хойш анх удаагаа парламентын доод танхимд олонх болсноор Д.Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обаматай адилхан нөхцөл байдалд орлоо. Өөрөөр хэлбэл, тухайн үед /2010 он/ Сенатын танхим Ардчилсан намын хяналтанд байсан бол Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд олонх байсан билээ. Харин энэ удаагийн завсрын сонгуулийн дүнгээр АНУ дахь улс төрийн хүчний харьцаа БНН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, бүгд найрамдахчуудын хяналтан дахь Сенатын танхим, Ардчилсан нам олонх болсон Төлөөлөгчдийн танхим гэсэн байдлаар тогтлоо.
Энэ удаагийн тоймдоо завсрын сонгуулийн явц, дүн, түүний эргэн тойронд дэгдсэн дуулиан шуугианы талаар бус харин сонгуулийн дүнд бүрэлдэн тогтсон Америкийн парламент дахь хүчний харьцаа нь Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй бодлогод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь дүгнэн бичихийг оролдсон юм.
Юуны түрүүнд, Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим нь төсвийг хянах үүргийг гүйцэтгэдэг. Ийм учраас Мексиктэй залгаа хил дээр хана барих гэх мэт Д.Трампын гаргасан санаачилгыг төсвөөс санхүүжүүлэх шийдвэрийг АН-ын гишүүд “гацааж” мэднэ. Энэ тохиолдолд Трамп болон бүгд найрамдахчууд уян хатан байж, АН-тай тохиролцохыг хичээх болно гэж Украины шинжээч Илия Куса үзэж байна.
Хоёрдугаарт, АН-ынхан Цагаан ордны үйл ажиллагааг хянах боломжтой болж байна. Хэдийгээр тэд сайд нар болон дээд албан тушаалтнуудыг томилоход нөлөөлж чадахгүй боловч засгийн газрын гишүүдийн үйл ажиллагааг ажиглан хянаж байхүүргээ гүйцэтгэх болно. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг хариуцлагад татах талаар шахалт үзүүлэх гэх мэт.
Нөгөөтэйгүүр, завсрын сонгуулиар Конгресс “хоёр хуваагдсан” нь Д.Трампын хувьд өмнө нь төлөвлөөд байсан реформын шинжтэй алхмуудаа хэрэгжүүлэхэд улам түвэгтэй болж байна. Тухайлбал, тэрбээр цагаачлалын хууль тогтоомжуудыг өөрчлөх, эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэл хийхээр оролдсоор байгаа билээ. Үүний тулд тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигууд /парламентын гишүүдээр батлуулах шаардлагагүй/ гаргаж болох боловч дараагийн ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараа тэдгээрийг нь цуцлах магадлал өндөр.
Хэдийгээр Төлөөлөгчдийн танхимыг алдсан ч гэсэн сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байгаагаа Д.Трамп илэрхийлсний учир юу вэ? Сенатыг авч үлдэж чадсан нь бүгд найрамдахчуудын хувьд ялалт бөгөөд учир нь, Сенат нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон хүмүүсийг сайд, элчин сайд, Дээд шүүхийн шүүгч, холбооны шүүгч зэрэг өндөр дээд албан тушаалд томилох эсэхийг Сенатын гишүүд шийднэ. Сенатад БНН хяналтаа алдаагүй учраас ойрын хоёр жилийн хугацаанд Д.Трамп томилгооны асуудал дээр санаа зовохгүй нь.
Нөгөөтэйгүүр, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцсон эсэх талаарх хэргийг шалгаж буй тусгай прокурор Роберт Мюллерийн явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Трампын импичментийн /ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх/ асуудал хөндөгдөх аваас үүнийг АН-ын гишүүд тэр дор өлгөн авч ашиглаж магадгүй гэж шинжээч М.Хесс үзэж байна. Гэхдээ Сенатын гишүүдийн 2/3 нь огцруулахыг дэмжсэн тохиолдолд л АНУ-ын Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулдаг учраас уг танхимд БНН давамгайлж буй тохиолдолд ийм магадлал тун бага юм.
Гадаад бодлого
Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүдийн хувьд АНУ-ын явуулж буй гадаад бодлогод үзүүлэх нөлөө харьцангуй хязгаарлагдмал бөгөөд энэ чиглэл дэх гол шийдвэрүүдийг Сенатын танхим гаргадаг. Тухайлбал, АНУ Умард Солонгостой ямар нэгэн гэрээ байгууллаа гэхэд Ардчилсан намынхан уг гэрээнд хориг тавьж чадахгүй. Д.Трамп Орос, Хятад хоёртой хэлэлцээ хийх санаачилга гаргалаа гэхэд уг санаачилгыг зогсоож чадахгүй гэх мэт. Гэхдээ төсвийг батлах үед АН-ынхан “хясан боогдуулах” замаар Трампын засгийн газраар буулт хийлгэж, гадаад бодлогод нь нөлөөлөх магадлал бий.
Ингээд олон улсын тавцанд хамгийн ихээр анхаарал татаж буй асуудлуудаар АН ямар байр суурьтай байдаг вэ гэдэг тухайд товчхон дурдваас:
Ираны эсрэг хориг: АН-ынхан хоригийг зөөлрүүлж, 2015 онд байгуулсан Ираны цөмийн гэрээнд АНУ буцаж нэгдэхийг шаардаж магадгүй.
Йемений иргэний дайн: Йеменд явуулж буй Саудын Аравийн армийн цэргийн ажиллагааг АНУ дэмжиж байгааг зогсоох нь зүйтэй гэж АН-ын зарим гишүүд үздэг.
Палестины асуудал: Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Ардчилсан намын олон гишүүн Израилийг дэмжиж буй Д.Трампын бодлогыг илт шүүмжилдэг.
Худалдааны дайн: Европ болон Ази дахь түншүүдийнхээ эсрэг хэтэрхий хүч түрэмгийлсэн бодлого явуулах нь буруу бөгөөд илүү прагматик бодлого хэрэгтэй гэж Ардчилсан намынхан үздэг.
Түүнээс гадна, олон улсын байгууллагууд болон олон улсын гэрээнүүдээс гарсаар буй Трампыг АН-ынхан шүүмжилж байна.
Оросын эсрэг хориг: Оросуудын хувьд бүгд найрамдахчууд ялалтаа бататгаж, Конгрессын хоёр танхимын хоёуланд ньдавамгайлбал ашигтай байх байсан гэж Лондон дахь “Emerginomics” компанийн эдийн засагч Татьяна Орлова үзэж байна. Трампын талынхан Хятадтай сөргөлдөх бодлогыг түлхүү баримталж байгаа бол харин Ардчилсан намынхны хувьд АНУ-ын аюулгүй байдалд учирч буй хамгийн том аюул нь Орос улс ажээ. Ийм учраас Конгресс дахь хүчний харьцаа өөрчлөгдсөн нь Оросын эсрэг хориг улам чангарах магадлалыг өсгөнө гэж “BCS Global Markets” байгууллагын шинжээчид үзэж байна. Оросын асуудлаар Трампад үзүүлэх шахалт улам нэмэгдэж, Оросын эсрэг шинэ шинэ хоригуудыг батлуулахаар АН-ынхан оролдох боловч Сенат дахь бүгд найрамдахчууд үүнд саад учруулж, байдлыг тэнцвэржүүлнэ гэсэн дүгнэлтийг Европын “Bruegel” дүн шинжилгээний төвийн ажилтан Элина Рыбакова хийжээ.
Цагаачлалын бодлого: Ерөнхийлөгч Д.Трамп Цагаачлалын хуулийг батлуулах гэж нэлээд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтээд байна. Цагаачдын тоо олшрох нь үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж тэрбээр үздэг бөгөөд зарим судлаачдын таамаглаж байгаагаар, 21 дүгээр зууны дунд үе гэхэд Америк орон цагаачид ба тэдний үр удмаар дүүрч, цагаан арьстнууд үндэсний цөөнх болж магадгүй гэнэ. Харин Ардчилсан намынхны хувьд цагаачид бол Америкийн бэлгэ тэмдэг бөгөөд тэдний эрхийг зөрчих нь АНУ-д тогтсон үнэт зүйлийг бусниулж байгаа аж.
Энэ мэт гадаад, дотоод бодлогын олон асуудлаар БНН болон АН зарчмын хувьд нэлээд зөрүүтэй байр суурь баримталж байгаа юм.