МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн сонгууль улс төржиж эхлэв
Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ХХ Их хурал болон удирдлагын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч зарим хүмүүс тус байгууллагын үйл ажиллагааг илт гуйвуулж, гүтгэж дайрсан мэдээлэл цацаж байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, “МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 28-нд хуралдахаар товлосон. Энэ их хурлаар Танхимын гишүүн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгох юм.
Гэвч МҮХАҮТ-ын талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа нийгмийн сүлжээн дэх ил эзэнгүй хаягуудаар байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, үнэнд үл нийцэх мэдээ, мэдээлэл, захиалгат нэвтрүүлгүүд цацаж байгаад гүнээ харамсаж байна” гэжээ.
Цаашлаад, “Танхимын Удирдах зөвлөлийн дарга болон Танхимын даргад өрсөлдөхөөр санаархаж байгаа зарим нэг хүмүүс ийм увайгүй, явуургүй, бохир бүдүүлэг аргыг хэрэглэж олон нийтийг төөрөгдүүлэн, тус байгууллагад ажиллаж буй 90 гаруй ажилтны ажил хэргийн нэр хүндэд халдаж, үйл ажиллагааг бүхэлд нь харлуулах гэсэн өчүүхэн санааг агуулжээ.
МҮХАҮТ бол улс төрөөс ангид, бие даасан олон нийтийн байгууллага бөгөөд тус байгууллагын удирдлагад багтах гэсэн зарим нэг ичгүүр сонжуургүй нөхдүүд шударгаар өрсөлдөж сонгуульд оролцохын оронд ийм бусармаг үйлдэл хийж байгааг Танхимын зүгээс эрс эсэргүүцэж, энэхүү ташаа мэдээллийг олон нийтэд түгээж буй нэр бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр хандсан болохоо үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Энэ өдрүүдэд хуралдахаар товлогдсон МҮХАҮТ-ын ХХ их хурлын үйл ажиллагаанд энэ мэтчилэн хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн аливаа оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү явуургүй үйл ажиллагаагаа таслан зогсоохыг холбогдох этгээдүүдээс шаардаж байна. МҮХАҮТ 2015-2018 онд илүү нээлттэй ажиллан, Удирдах зөвлөлөөрөө төсвөө батлуулж, зарцуулалтыг ил тод тайлагнан, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл болон Хөндлөнгийн аудитаар үйл ажиллагаагаа шалгуулсаар ирсэн атал гэмт хэргийн уул уурхай болсон хаалттай байгууллага мэтээр зориуд харлуулж, эрүүл саруул хүний ой тойнд багтамгүй, хэн ч итгэх аргагүйгээр гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй гэдгийг хатуу анхааруулсан байна.