NBC: Трамп Оросын агентлагийн эсрэг кибер халдлага үйлдэхийг зөвшөөрчээ

 

Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулийн өмнө ОХУ-ын “Интернэт-судалгааны агентлаг”-ийн эсрэг кибер халдлага үйлдэхийг улсынхаа цэргүүдэд зөвшөөрсөн тухай телевизийн “NBC” суваг мэдээлсэн байна.Тус сувгийн эх сурвалжуудын мэдээлснээр, уг ажиллагааг явуулах зөвшөөрлийг Трамп АНУ-ын Зэвсэгт хүчний Кибер командлалд “биечлэн өгсөн байна”.

“Энэ халдлага нь АНУ-ын сонгуулиудад ОХУ хөндлөнгөөс оролцохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Трампын засаг захиргаанаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс хамгийн түрэмгий нь болсон" гэж “NBC” сувгийнхан үзэж байгаа аж. 

АНУ-ын Зэвсэгт хүчний Кибер командлал Үндэсний аюулгүй байдлын агентлагаасаа хүлээж авсан тагнуулын мэдээлэлд үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 6-нд завсрын сонгууль болохоос хэдэн цагийн өмнө Санкт-Петербургт байрладаг уг компанийн интернэтийг тасалсан аж.

“Интернэт-судалгааны агентлаг”сонгууль дууссаны дараа ч мөн хэд хоногийн турш интернэтэд холбогдох боломжгүй байсан бололтой гэж “NBC” сувгийн цахим хуудсанд гарсан нийтлэлд дурджээ. Уг нийтлэлд мөн “Интернэт-судалгааны агентлаг”-ийн ажилтнууд мэдээллийн технологийн газартаа интернэт тасалдсан талаар гомдол мэдүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлснийг дурдсан байна.

Дээрх мэдээлэлд Цагаан ордон албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Харин АНУ-ын Зэвсэгт хүчний Кибер командлалаас өгсөн тайлбарт, "бид кибер орон зай дахь нууц төлөвлөгөөнүүд, ажиллагаануудын талаар ярихгүй" гэж мэдэгджээ.

"Америкийн сонгууль, ардчилсан институциудыг бусад орны дайсагнасан нөлөөнөөс хамгаалахын тулд бид Засгийн газрын ерөнхий кампанит ажлын хүрээнд ажиллаж байгаа" гэж Кибер командлалын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.166.61)