2025 он гэхэд Дубай хотын 25 хувийг 3D принтерээр бүтээнэ

Та бидний мэдэх 3D принтер нь хүний биеийн зарим хэсгээс эхлээд Ангараг гараг дээрх ирээдүйн байшинг хүртэл барих зэргээр хүн төрөлхтөнд томоохон эерэг үр дүн үзүүлж буй нэгэн дэвшилтэт технологи билээ.

Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот нь саяхан 2025 он гэхэд хотынхоо шинэ барилга байгууламжийн 25 хувийг 3D принтерээр барих болно гэдгээ зарласан юм.

Энэхүү шийдвэрийг өнгөрөгч 2016 онд тус улсын Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Моххамед ибн Рашид Аль Мактум олон нийтэд зарласан юм.

Дубай хотын “Ирээдүйн сан”-гийн мэдээлж буйгаар тус хотын нийт барилга байгууламжийн 25 хувийг 3D принтерээр босгосноор хотын барилгын салбарт зарцуулж буй хөдөлмөрийн нийт хөлсийг 70 хувь, бүх зардлыг 90 хувиар хэмнэх боломжтойг тооцоолоод байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас сүүлд гаргасан нэгэн судалгаагаар ойрын хэдэн жилд дэлхийн хүн амын 50 хувиас илүү нь хот суурин газарт суурьшихаас гадна 2030 он гэхэд дэлхий дээр 10 сая гаруй оршин суугчтай 41 шинэ мега хот бий болно хэмээн тооцоолсон юм.
Хөдөө орон нутгаас, хөгжилд тэмүүлсэн тэрхүү бага орлоготой иргэдийг орон гэртэй болгох тэр цаг үед техникийн эл шийдэл үр дүнтэй бөгөөд цаашлаад ядуурлыг бууруулах зэрэгт олон талын ач холбогдолтой болохыг онцолжээ.

Image: Office of the Future
Анх 2016 онд 3D принтерээр бүтсэн дэлхийн хамгийн анхны байшин Дубай хотноо босож байсан юм.

Тухайлбал, “Ирээдүйн оффис” хэмээх нэртэй тус байшин нь 6 метр өндөр, 12 метр өргөнтэй бөгөөд 100 хувь роботуудын гараар бүтсэнээрээ онцлогтой.
Харин цахилгаан, принтерийн төхөөрөмжийг удирдах, байшинг суурилуулах зэрэг ажлуудыг ердөө 10 хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээжээ.

Энэхүү байшинг барихад ийм хэмжээний ердийн байшин барих зардлын ердөө 50 хувийг л зарцуулсан байна. Байшинг принтерлэхэд нийт 17 өдөр болжээ.

Тус барилга нь эрчим хүчний хэмнэлттэй шийдлээр бүтээгдсэн ба байгалийн гэрлийн шууд тусгалыг оруулахуйц өргөн, цэлгэр цонхтой аж.

Цэлгэр цонхтой хэдий ч нарны хэт ягаан туяаны шууд тусгалыг багасгах шийдлийг давхар агуулсан бөгөөд маш бага хэмжээний эрчим хүч зарцуулах агааржуулалтын системийг тус тус суурилуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.196)