Алжирт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болов

 Баасан гарагт Алжир улсад болсон олныг хамарсан жагсаал цуглаануудын үеэр 63 хүн бэртэж, 45 хүнийг баривчилсан байна. Энэ тухай “TSA Algerie” мэдээллийн цахим хуудас цагдаагийн албан ёсны мэдээллээс иш татан уламжлав.

Yндэсний аюулгүй байдлын ерөнхий газрын мэдээллээр, бэртсэн хүмүүсийн долоо нь энгийн иргэд, 56 нь эмх журам сахиулагчид аж. Хүчирхийлэл, балмад үйл ажиллагаанд өдөөн турхирсан болон төрийн өмчид халдсан хэргээр 45 хүнийг баривчилсан байна. Цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар, “баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь сэтгэцэд нөлөөлөх эм болон мансууруулах бодис хэрэглэсэн байжээ”.

“TSA Algerie” цахим хуудсанд мэдээлснээр, баасан гарагт орон даяар болсон эсэргүүцлийн ажиллагаанд 800 мянга орчим хүн оролцсон байна. Алжирын одоогийн Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефликаг дахин нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн жагсаал цуглаан нийслэл хот төдийгүй өөр бусад хотуудад, Ерөнхийлөгчийн төрсөн нутаг, тус улсын баруун хойд нутагт орших Тлемсен хотод ерөнхийдөө тайван болж байв. Харин үдээс хойш жагсагчид парламент болон Засгийн газрын ордонд дайран орохыг оролдож, эмх замбараагүй байдал үүсжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Хэсэг хугацааны дараа нийслэл хотын төвд Тавдугаар сарын 1-ний талбайд, мөн “Эль-Мурадия” ерөнхийлөгчийн ордны хажууд мөргөлдөөн болжээ.

Үүнээс гадна, “Sky News Arabia” телевизээр мэдээлснээр, баасан гарагийн орой жагсаал цуглаан дуусах алдад шахцалдаан болсны улмаас нэг хүн амиа алдсан байна. Баасан гарагийн эсэргүүцлийн ажиллагаа сүүлийн хэдэн долоо хоногт болсон жагсаал цуглаануудаас хамгийн томоохон нь болжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль

Алжирт дөрөвдүгээр сарын 18-нд товлосон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн хугацаа гуравдугаар сарын 3-нд дуусна. Бутефликаг эрх баригч намаас хоёрдугаар сард дахин нэр дэвшүүлсэн нь олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэжээ. Тэрбээр одоогоор Женевт эмчилгээ хийлгэж байгаа юм. Бутефлика 2013 онд цус харвасныхаа дараа тэргэнцэр дээр суудаг болж, муу ярьдаг болсон бөгөөд олны өмнө ховор гарах болжээ.

Улс оронд нь үйл явдал цаашид хэрхэн өрнөх талаар алжирчууд янз бүрийн хувилбаруудыг дэвшүүлж байна. Эрх баригчид төлөвлөгөөнөөсөө буцахгүй бөгөөд эрх мэдлээ ашиглан тодорхой алхам хийх эсвэл онц байдал тогтоох замаар эцсийг нь үзнэ гэж зарим нь үзэж байна. Харин зарим нь Бутефлика Сонгуулийн хороонд хүсэлт хүлээн авах хугацаа дуусах хүртэл ирэхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч ер нь улс орондоо ирэхгүй байж магадгүй гэж таамаглаж байгаа хүмүүс ч бас байгаа аж. Гэхдээ хамгийн боломжит хувилбар нь сонгуулийг хойшлуулах юм. Чухам энэ хувилбарыг Алжирын эрх баригчид яг одоо хэлэлцэж байгаа тухай “Al-Hadath” суваг мэдээлжээ.

 

Өдгөө 81 настай Бутефлика 1999 оноос хойш Алжирын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.54.136)