Ж.Ган-Эрдэнэ: Монгол хэлбичгийн шалгалтыг гуравдугаар сард зохион байгуулж байгаа нь 2 шалтгаантай.

ЭЕШ-ын монгол хэлбичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлж, өнөөдөр дуусаж байна. Энэ жилийн ЭЕШ-ын бэлтгэл ажлын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодруулав.

-Улсын хэмжээнд энэ жил ЕБС-ийг хэчнээн сурагч төгсөх вэ. Одоогийн байдлаар хэчнээн шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлээд байна вэ?

-Монгол Улс ЕБС-ийн 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор энэ жил 17 мянга орчим сурагч төгсөнө. Өмнөх жилийн 4000 орчим төгсөгчтэй нийлээд 21 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн тооцоотойгоор бэлтгэл ажлыг хангаж байна.

-Энэ жилийн ЭЕШ ямар онцлогтой байх вэ?

-Энэ жилийн монгол хэлбичгийн шалгалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, БСШУС-ын сайдын тушаалаар босго оноотой болсон. Монгол хэлбичгийн шалгалтын босго оноо 400-г давж байж их, дээд сургуульд элсэх боломжтой болно. Монгол хэлбичгийн шалгалтыг гуравдугаар сард зохион байгуулж байгаа нь 2 шалтгаантай.

Нэгдүгээрт, хоёр дахь боломжийг олгож байгаа юм. Хэрэв шалгуулагч гуравдугаар сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаар, эсвэл босго оноогоо давж чадаагүй бол дөрөвдүгээр сарын 20-нд монгол хэлбичгийн шалгалт дахин өгч болно. Тиймээс Боловсролын Үнэлгээний төв шалгуулагч нарт гуравдугаар сарын 23-ны шалгалтад орох, эсвэл дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдах боломж өгч байна.

Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана. Хоёр удаагийн шалгалтаараа босго оноонд хүрээгүй байсан ч бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй. Бусад хичээлийн шалгалтын оноо нь их, дээд сургуулийн болзлыг хангасан бол ирэх жил нь монгол хэлбичгийн шалгалтаа өгч, босгоо давснаар тухайн сургуульдаа элсэн суралцах боломжтой. ЭЕШ-ын оноо нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй юм.

-Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй шалгуулагчаас дахин шалгалт авч байгаа нь ямар учиртай вэ?

-Дөрөвдүгээр сарын 20-нд дахин авч байгаа нь мэдээлэл авч амжаагүй болон хүндэтгэн үзэх шалтгаанаар, эсвэл үндэсний цөөнхийн асуудалд боломж олгож байна. Өмнөх түүхийг харахад, гурван жил босго оноогүй байсан.

Анхны жил буюу 2015 онд босго оноотой явуулахад Баян-Өлгий аймгийн төгсөгч нар амжилт муутай оролцсон. Хоёр дахь шалгалтад амжилт нь дээшилсэн. Түүнээс хойш тус аймгийн төгсөгчдийн монгол хэлбичгийн чадвар нь жилээс жилд сайжирсан. Бидний эцсийн зорилго бол шалгалтад “хүүхэд унагаах” явдал биш юм. Эх хэлнийхээ дархлааг сайжруулах, боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, түвшинг сайжруулах зорилгоор энэ шалгалтыг зохион байгуулж байгаа.

-Хоёр дахь боломж байгаа хэмээн сурагчид эхний шалгалтад хичээхгүй байх сул талтай гэсэн шүүмжлэл бас байна?

-Ер нь урьдчилсан таамгаар, монгол хэлбичгийн шалгалтад бүгд тэнцэнэ гэж байдаггүй. Тиймээс бид 2 дахь шалгалтыг авах юм. Хичээлийн жил дуусаагүй байхад яагаад зохион байгуулж байна вэ гэвэл, хөтөлбөрт суурилсан шалгалт биш.

Харин монгол хүний дараагийн шатны боловсрол буюу их, дээд сургуульд элсэн ороход шаардагдах ур чадварыг эзэмшихэд зориулснаас гадна, монгол бичгийг төрийн албан хэрэгт 2025 оноос хэрэглэж эхлэх зорилттой холбоотой юм. Монгол бичгээр уншаад ойлгосныгоо хөрвүүлж буулгаж чадаж байна уу гэдэг том шалгалт.

-Монгол хэлбичгийн шалгалт ямар агуулгатай байх вэ?

-Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэлний дүрэм, найруулан бичих чадвар буюу эссэ, монгол бичиг, уншаад ойлгох чадвар гэсэн үндсэн агуулгатай. Монгол хэлбичгийн шалгалт нийт 50 оноотой байх юм.

-Монгол хэлбичгийн шалгалтад бэлтгэх зөвлөмж, сургалт байдаг уу. Хэрхэн бэлдэх талаар зөвлөөч?

-Хэдийгээр хөтөлбөрт суурилаагүй ч гэсэн ерөнхий боловсрол эзэмшсэн хүмүүсийн мэдлэгийг ерөнхий байдлаар нь шалгадаг. TOFEL-д бэлдэж байгаа шиг агуулга, хөтөлбөр байдаггүй. Өнгөрсөн нэгдүгээр сард босго онооны тухай БСШУС-ын сайдын тушаал гарснаас хойш сургууль тус бүр сурагчдаа тусгайлан бэлдэж байгаа.

-ЭЕШ-ын дүнг өмнө нь 14 хоног хүлээдэг байсан. Энэ жилээс шалгалтын дүнг шуурхай засаж, өдөрт нь мэдээлэхээр болжээ. Боловсролын үнэлгээнд  нэвтрүүлж буй технологийн талаар танилцуулна уу?

-Энэ жилийн ЭЕШ-д шууд засах “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байгаа. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой. ЭЕШ зургадугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын түүхийн хичээлээр эхлэх тов гарсан.

Энэ шалгалтыг өгсөн хүүхэд нэг цагийн дараа дүнгээ мэдэх боломжтой. Ингэснээр дараагийн шалгалтад дүнгээ мэдэж орно. Шалгалтыг тэдний нүдэн дээр засна гэсэн үг. Улсын хэмжээнд 50 шалгалтын төв бэлдсэн. Төв бүрт тусгай камержуулсан өрөө бэлтгэнэ. Шалгуулагчийг танхим танхимаар нь дуудаж, тэд шалгалтын материалаа машинд уншуулан, дүнгээ тэр даруйдаа мэднэ.  Энэ жил шалгуулагчид зургадугаар сард хуваариа сонгож дуусах юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.109.159)