Өнөө цагийн онцлох 5 ТӨМӨР ХҮЛЭГ
Орчин цагт автомашин өдөр тутмын хэрэглээнээс тансаг хэрэглээ болтол хөгжсөөр... Автомашин зохион бүтээгчид нэг ёсондоо уран бүтээлчид болж байна гэсэн үг. Тэгвэл шилдэг уран бүтээлчид гараа гарган бүтээсэн, өнөө цагийн онцлох 5 төмөр хүлгийг танилцуулъя.
1. ХЭЗЭЭД ШИЛДЭГ ЛАМБО
Энэхүү жагсаалтанд Ламбо /Lamborghini/ байхгүй бол “Шилдэг машины жагсаалт” гэж нэрлэх хэрэггүй биз. “Lamborghini Aventador” хурд хүчний хувьд “Bugatti Chiron”-той өрсөлдөхүйц хүчтэй унаа. Гэхдээ Авентадор бол дээд зиндаа, байр суурийн илэрхийлэл болж чаддаг гайхалтай төмөр хүлэг. 1600 морины хүчин чадлыг мэдрэн, 420 км/цаг хүртэл хурдлан давхих ч сайхан байх даа. Аан бас түүний дотор салоны талаар дурдахгүй өнгөрч чадахгүй нь ээ. Арьсан бүрээс, сваровский шигтгээн чимэглэл таны эргэлзээг арилгана.
2. БРИТАНЫ ГАЙХАМШИГ 007
Бидний мэдэх алдарт цуврал 007 буюу Жэймс Бондын адал явдал, түүний биелэшгүй даалгаварт явж байхад хажууд нь хэзээд байсаар ирсэн дуулгавартай хүлэг бол “Aston Мartin V8 Vantage N430”. Киноны хамт олон энэхүү машиныг зүгээр ч нэг сонгоогүй гэдэг нь илэрхий юм. Учир нь алдарт “Aston Мartin” бол өнөөг хүртэл Британийн түүхэн дэх хамгийн хүчтэй хүлэг цолыг авч чадсан төдийгүй 350 км/цаг хүртэл хурдална гэдэг бол тийм ч муугүй хурдыг үзүүлж байгаа биз. Найман цилиндртэй 4.7 мотортой энэхүү машинд магадгүй хэр баргийн юм мөргөөд эвдэрдэггүй зузаан төмөртэй кузов нь илүү их хурд авахад саад болдог байх.
3. ТАВ ТУХ, ХУРД ХҮЧНИЙ ХОСЛОЛ
Танилц энэ бол “Chevrolet Corvette Stingray”. Би энэ машиныг анх “Сүүлчийн тэмцэл” гэдэг киноноос харж байлаа. Үнэхээр сүрдмээр сайхан тэрэг. Гэвч он цаг улирч байхад Chevrolet-ийнхэн түүнд зоригтойхон гар хүрч, өөрчлөлт хийж чадахгүй л байгаа бололтой. Тэгсэн хэдий ч “Corvette Stingray” үеэ өнгөрөөх болоогүй гэдгээ жаахан деталь өөрчлөөд л баталчихлаа.
Дотор нь ороод суухад үнэтэй арьсан буйдан дээрээ сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Тухлаг сайхан суудал дээр нь суугаад таныг НЭГ, ХОЁР, ГУРАВ гээд л тоолох төдийд 160 км/цаг хүртэл хурдалсан байх болно.
4. ХАРАНХУЙН ХҮЛЭГ БААТАР
Шууд л Вatman-ны машиныг санагдуулам хийцтэй байгаа биз? 1 тонн жинтэй, хачирхалтай загвартай уг машин 375 морины хүчтэй. Таны хүссэн хурдыг гаргаж чадахаар л машин. Харин тогтвор тэнцвэрийн тал дээр жаахан дутагдалтай байх. Тийм ч учраас илүү сайжруулах тал дээр анхааран одоогийн байдлаар худалдаалалгүй азнаж байгаа биз. Гэхдээ тун удахгүй хотын гудамжаар иймэрхүү загвартай машин явж байвал та битгий гайхаарай.
5. ЭКО АРААТАН
Өнөө үед цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй техник бүтээхийг эрмэлздэг болжээ. Тэгвэл эко машинуудын том төлөөлөл бол “Quant” компанийн “Nano Flowcell” юм. Энэ хүлгийг хэн ч харсан цахилгаан мотортой гэж харахгүй нь лавтай. Гайхалтай спорт загвартай “Nano Flowcell” маань элгэн дээр цэвэр модон оруулгаар салоноо бүрсэн нь үнэхээр байгальд ээлтэй гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Магадгүй та цахилгаан мотортой юм чинь ихдээ л 180 км/цаг хурдална гэж бодож байгаа байх. Үгүй дээ. Энэ бяцхан эко араатан таны төсөөлснөөс ч илүүг харуулж чадна. Түүний дээд хурд нь 300км/цаг. Байгаль орчноо хайрлацгаая.