Муур эзнийхээ сэтгэлзүйг даган өөрчлөгддөгийг нотолжээ

PLOS One сэтгүүлд муурны зан авир болон эрүүл мэнд эзнийхээ сэтгэлзүйн онцлогтой шууд хамааралтай байдаг тухай судалгаа нийтлэгджээ. Тус судалгааны үр дүнд стрессд ордог, бухимдуу хүмүүсийн муур сайнгүй эрүүл мэндтэй байдгийг нотолсон байна.

Мууртайгаа хэрхэн харьцах нь эрүүл мэндэд нь нөлөөлж байдаг

“Ерөнхийдөө, амьтны эрүүл мэндийн байгууллагууд болон шинжлэх ухааны хүмүүс мууранд үзүүлдэг физик орчны нөлөөнд илүү их анхаарал хандуулдаг. Харин харилцаа, нийгмийн орчны нөлөөллийг нь орхигдуулах хандлагатай байдаг” хэмээн Нөттингам Трент их сургуулийн докторант, судлаач Лорен Финка хэлжээ.

“Хүмүүс бид хэрхэн харьцаж сургаж байгаагаас муурын эрүүл мэнд шууд хамаатай байдгийг би сүүлийн 10 жилд мууртай ажилласан туршлагаасаа анзаарсан. Ихэнхдээ энэ үйл явц бидний мэдсэн мэдээгүй аяндаа явагдаж байдаг. Тийм болохоор энэ үзэгдлийг илүү шинжлэх ухаанч өнцгөөс тайлбарлахын тулд энэ судалгааны багийг ахлах болсон”

Муур өөрийгөө тэжээмэл амьтан гэж мэддэггүй

Финка ба түүний багийнхан Англи улсаас нийт 3331 муур тэжээдэг хүмүүсийг цуглуулж, тэдний сэтгэлзүйн онцлог болоод муурных нь зан авир, эрүүл мэндийн хамаарлыг судалж үзжээ. Ингээд судлаачид эзнийх нь сэтгэл зүйн байдал мууранд нөлөөлсөн хэд хэдэн шинжийг олж ажигласан байна.

“Хувь хүний сэтгэлзүйн онцлогууд мууртайгаа хэрхэн харьцдагтай нь ихээхэн хамаатай байдаг. Түүнчлэн энэ нь тэдний муурын эрүүл мэндэд шууд нөлөөлөл үзүүлдэг. Муурнууд өөрсдийгөө бидний хувьд гэрийн тэжээмэл амьтан гэдгээ тэр бүр мэддэггүй. Харин нэг гэр бүлийн гишүүн гэж ойлгодог. Тийм учраас бидний зан араншин тэдэнд эерэг, сөрөг аль ч талаас хэрхэн нөлөөлж болохыг бид сайтар ухаарч байх хэрэгтэй” хэмээн судлаач Финка PsyPost сайтад тайлбарлажээ.

Бухимдуу, уур уцаар ихтэй эзэд муурынхаа эрүүл мэндийн байдалд илтэд нөлөө үзүүлдэг ажээ, тухайлбал ийм эзэнтэй муурнууд илүүдэл жинтэй болдог байна. Харин эсрэгээрээ эерэг харилцааг бий болгодог эздийн муур ганцаардмал зожиг араншинтай биш болдог агаад хэвийн жинтэй байдаг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.171.100)