Дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлжээ
Өнгөрсөн онд дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлсэн бол тус салбарын өсөлтийн хурдацыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл мэдээлэл технологийн салбарынхаас хоёр дахин их байв. Энэ тухай Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн мэргэжилтнүүдийн хийсэн тус салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, нийгмийн ач холбогдлын талаарх жил тутмын судалгаанд дурджээ.
Өнгөрсөн онд аялал жуулчлалын зах зээлийн хэмжээ хамгийн дээд үзүүлэлт буюу 8.8 их наяд ам.долларт хүрчээ. Тус салбарын зах зээл найм дахь жилдээ дараалан өссөн бөгөөд 2018 онд 3.9 хувиар өссөн байна. Харин дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2 хувь, гол салбарууд болох эрүүл мэнд 3.1 хувиар, мэдээллийн технологи 1.7 хувь, санхүүгийн үйлчилгээний салбарынх 1.7 хувиар өсчээ. Жилийн дундаж үзүүлэлтээр зөвхөн аж үйлдвэрийн салбарын өсөлт аялал жуулчлалын салбарынхыг гүйцэж түрүүлжээ. Өнгөрсөн онд дэлхийн аж үйлдвэрийн салбарын зах зээл 4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн мэдээллээр, гадаадын аялал жуулчлалын салбарын орлого 2017 онд 27.3 хувь, 2018 онд 28.8 хувиар өссөн байна. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн хэмжээний 71.2 хувийг дотоодын аялал жуулчлалын салбар бүрдүүлсэн гэсэн үг аж.