“Huawei” компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ

АНУ-ын Засгийн газрын агентлагуудад БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон шийдвэртэй холбогдуулан тус компани АНУ-ын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлд тэмдэглэснээр, тус компанийн бүтээгдэхүүнүүдийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ батлах хангалттай нотлох баримтыг АНУ-ын тал бүрдүүлж чадаагүй аж. Мөн “Huawei” компани нь БНХАУ-ын Засгийн газартай холбоотой гэх мэдээллийг няцаасан байжээ.

Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж, “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох шийдвэрийг АНУ-ын Засгийн газар гаргасан билээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын мэдээллийн технологийн тус компаниас болгоомжлохыг холбоотон орнууддаа уриалсан юм.

“Huawei” компани нь харилцаа холбооны хэрэгсэл болон сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниудын нэг билээ.

“АНУ-ын Конгресс манай компанийн бүтээгдэхүүнийг хориглосон шийдвэрээ батлах хангалттай нотолгоог бүрдүүлж чадаагүй.  Уг хориг нь хууль бус төдийгүй “Huawei” компанийн шударга өрсөлдөх эрхийг хязгаарлаж байна” гэж “Huawei” компани төлөөлөгч Гуо Пин хэлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.148.76)