Канад сан орон нутагт нийгмийн үйлчилгээ сайжруулахад тусална

Монгол дахь "Канад сан" 23 дахь удаагийн төсөл шалгаруулах өдөрлөгийг "Централ тауэр"-т зохион байгууллаа.

Хөгжиж буй орнуудын хөгжлийг Канад улсын Засгийн газраас дэмжигч хөтөлбөр болох тус сан нь 1997 оноос Монголд олон нийтийн тогтвортой хөгжлийн төлөө нийт 426 жижиг төсөл хэрэгжүүлэн 7 сая канад долларыг буцалтгүй тусламжаар олгожээ

Давхардсан тоогоор нийт 6 сая иргэн эдгээр төслийн үр ашгийг хүртсэний ихэнх хэсгийг хүүхэд, эмэгтэйчүүд аж. Мөн төслийн санхүүжилтийн тал хувийг хүний суурь хэрэгцээг хангах, ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг шийдэх санаачилгад зарцуулжээ.

Энэ жил "Канад сан" нь төслийн шалгаруулалтаа “Хөгжлийг орон нутагт бүтээе” уриалга дор явуулж байгаа бөгөөд ирэх сараас төслөө авч эхлэх юм.

 Санхүүжилт авахыг хүссэн төсөл нь  дөрвөн сараас хоёр жил хүртэлх хугацаанд үргэлжлэх боломжтой,  ашгийн бус, жендэрийн тэгш байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй, иргэдэд үр өгөөжтэй байх зэрэг шалгууртай байх юм.

Тус сангийн Монгол дахь ажлыг ахалж буй Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул, “Канад улсын Засгийн газар Монгол Улстай зөвхөн эдийн засаг, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлээд зогсохгүй, нийгмийн хөгжлийн асуудлуудад ч анхаарч, орон нутгийн иргэдийн хөгжилд хувь нэмэр оруулсан олон төслийг  дэмжиж ирлээ. Цаашид Монгол Улс хөгжлийн цогц бодлого баримтлан, орон нутагт нийгмийн үйлчилгээг сайжруулж, ажлын байр, эдийн засгийн бусад боломжийг нээж ажиллахад нь бид хамгийн ойр хамтрагч хэвээр байх болно”  хэмээв.

"Канад сан" нь нэг төсөлд 50.000 канад доллар хүртэлх хэмжээтэй санхүүжилт олгодог бөгөөд жилд дунджаар 12 төсөл шалгаруулж байна. 2019-2020 онд хэрэгжих төслийг шалгаруулах уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг www.canadafundmongolia.mn хаягаар орж авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.124)