Хотын Засаг дарга дүүргүүдэд ажиллана
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, “Хүүхдийн автобус”-ны хэрэгжилтийн талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч, үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж буй талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан “Бүх байгууллагууд үнэлгээ хийгээд дууссан. Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг Сангийн яамнаас хуваарилсан компаниудаар хийлгэсэн байгаа” гэж хариуллаа.
“Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийн туршилтын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийтийн тээврийн газраас хүүхдийн автобус гаргахад зардал мөнгийг шийдэх боломжгүй байна. Мөн CNG гааз тасарсантай холбоотой нийтийн тээвэрт гаргах автобуснууд хүндрэлтэй байгаа” гэлээ.
Зөвлөгөөнөөр нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа олон жил болж байгаа баригддаггүй барилгын суурь цутгасан, караказ босгосон обьект бүхий газруудын эрхийг цуцлах талаар хөндөж байв. Хотын даргын зүгээс эмх цэгцгүй, орчин тойрондоо аюултай, хог шороондоо дарагдсан газруудын судалгааг дүүрэг бүрт гаргаж, танилцуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоод энэ асуудлыг нэгдсэн журмаар шийдэх нь зүйтэй гэлээ. Хотын дарга удахгүй нийслэлийн дүүргүүдэд ажиллана. Энэ үеэр зарим ажилтай газар дээр нь танилцан шийдвэрлэхээ мэдэгдэв.
Худалдан авах ажиллагааг олон нийтэд нээлттэй хэрэгжүүлэхийг үүрэг болгов
Тэрээр, худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлтэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны журам, төлөвлөгөө холбогдох хууль, журмын хүрээнд боловсруулаад, ямар зарчмаар зохион байгуулах ажлаа танилцуулахыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. Мөн барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих үйл явцыг зохицуулсан журмын төслөө танилцуулах, Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.
Нийслэлийн Дотоод аудитын газарт нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийх, хийсэн тухай дүгнэлт, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан талаар танилцуулах даалгавар өгөв. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийж байгаа гэрэлтүүлгийн ажлыг чанар, өнгө үзэмжтэй байх тал дээр анхаарч нэг стандартай байлгах талд хянаж ажиллахыг Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.