Монгол хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байна
Цахим орчинд ар араасаа хөврөх олон асуудал нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг анхааруулсаар байна.
Өнөөгийн байдлаар, монгол хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байгаа нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ-/ аас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулахаар, 2018 оны IY улиралд анх удаа үндэсний хэмжээний томоохон судалгаа явуулжээ. “Өсвөр үе ба цахим хэрэглээ” хэмээх уг судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернэт мэдэхгүй гэсний дийлэнх нь 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ.
Датаком ХХК нь 1994 оноос Монгол Улсад имэйлийн үйлчилгээ, сүлжээний холболт эхлүүлж, улмаар 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улс 24цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон. Тухайн үед 1500 гаруй интернэт хэрэглэгч бүртгэлтэй байсан бол, одоо МонголУлсын хүн амын 80 гаруй хувь нь интернэт ашиглаж байна.
Нийт интернэт хэрэглэгчийн 80 хувь нь хөдөлгөөнт интернэт сүлжээ буюу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс холбогддог. Интернэт хэрэглэгчийн 96 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Сүүлийн 3 жилд фэйсбүүкийг хүүхдүүд их ашиглах болсон гэх судалгаа байгаа юм.
Харин сүүлийн үед интернэт болон цахим орчинд хүүхдүүд насандаа тохирохгүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг олж үзэж буй нь хамгийн том асуудал юм. Энэ нь садар самуун, хүчирхийлэл бүхий контентыг хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд тэднийг түлхэх аюултай юм. Өсвөр насны хүүхдүүдийн дунд цахим халдлага, донтолтод өртөх болсон гэмт үйлдлүүд ч үүнийг нотолж байна. Иймд эцэг эхчүүд интернэт, сошиал орчинг зөв зохистой хэрэглэх арга замыг хүүхдүүдэд зааж өгөх нь маш чухал. Мөн томчууд интернэт орчинд хяналт тавьж, үр хүүхэддээ анхаарал халамжаа дээшлүүлэх ёстой гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна.