Өдрийн тэмдэглэл хөтлөх 8 ШАЛТГААН

...Төрсөн өдөр минь гэж тооцоолж байсан тэр нэгэн өдөр баярлаж хөөрөх шалтгаан байхаа больж, харин хүссэн хүсээгүй ч үүрэг хариуцлагатай иргэн болсон гэдгийг сануулж байгаа юм шиг хаалгыг минь хайрцаг дүүрэн бэлэг мэтээр тогшиж буйг мэдэрч байна. Угтаа бол хүн бүрийн тойрч биш дайрч гарсан өдрүүд нь эргээд намайг хайртай дүүгийнхээ сайн эгч, ээж аавынхаа сайн охин, өвөөгийнхөө бахархал, нийгмийнхээ сайн иргэн болох мөрөөдлийг минь асааж бас түүнд бэлтгэж тусалж байгаа явдал мөнөөс мөн.

Яг үнэндээ би бусдын бодлыг алдаа гэж шүүмжилж тэдний зөв гэж итгэсэн бүхэн худлаас огтхон ч ялгаагvй гэдгийг тайлбарлаж, намайг ширтэж байгаа харц бүрээс жинхэнийг нь ялгаж чадахгүй байгаагаа, би та нарын үнэлж буй шиг сайхан "амьтан" сайн баатар биш гэдгээ тайлбарлахыг 16 насныхаа хамгийн сүүлийн хүсэл, тэмдэглэл болгож байна.  

Өө хаалга тогшиж байна.

23:59 минут. 2015.08.22

Энэ миний хамгийн хайртай буюу 17 насандаа зориулж бичсэн тэмдэглэл. Та тэмдэглэлийг заавал дэвтэр дээр, өөрийн гараар, өдөр алгасалгүй бичих ёстой гэж боддог юм биш биз? Тэгж боддог байлаа ч ямар ялгаа байх билээ дээ. Би тэр үед зүгээр л компьютер дээрээ бичээд орхихоор шийдсэн боловч сэтгэл минь догдлоод фейсбүүкдээ нийтэлж байсан удаатай. Үүнийг унших бүртээ 16 настай өөрийнхөө догдлол, гэгэлзэл, дэврүүн мэдрэмжийг дахин мэдрэх шиг болдог. Өөрөөр хэлбэл, би дахиад 16 насандаа очдог гэсэн үг. Ингээд өдрийн тэмдэглэл бичих найман шалтгааныг нэрлэе.

1. ХАМГИЙН САЙН НАЙЗАА ОЛМООР БАЙНА

Хэзээ ч, хаана ч байсан дэвтрээ гаргаж ирээд юу бодож, юуг яримаар байгаагаа бүгдийг нь тэмдэглээд үлдээчих. Зовлон шаналал, уй гашуу, баяр хөөр, аз жаргалтай мөчүүдээ, бусадтай хуваалцмаар санагддаг тэдгээр зүйлсээ нэгийг нь ч үлдээлгүй тэмдэглэ. Үүнийг хэсэгхэн хугацаанд чин үнэнчээр гүйцэтгэвэл чиний урмыг хугалдаг найз, чамайг сонсдоггүй дотны гэх нэгэн, цаг авах гэж бүртгүүлдэг сэтгэл зүйчийн үүргийг насан туршид чинь амжилттай гүйцэтгэх болно.


2. ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙМААР БАЙНА

Миний алдааг шүүмжилдэггүй, намайг муухай ааштай гэж зэмлэдэггүй, бүхий л бодол оюун ухааныг минь нэвтлэн хардаг, хэний ч хажууд байгаагүйгээр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, юуг ч нуулгүй, юуг ч дөвийлгөлгүй бүхнийг байгаагаар нь тоочиж, өчиж чадах тэр талбар минь дэвтрийн цаас, үзэг хоёроор л онгойлгогддог увидастай ажээ.


3. ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГАРЦ НЬ  ЕРДӨӨ Л "БИЧИХ" ЮМ

Уурласан, гутарсан, урам хугарсан үедээ бид буруу шийдвэр гаргах нь элбэг. Учир нь асуудлын олон талыг бус нэг өнцгийг нь харсан байх нь олонтаа. Бичих нь зарим зүйлсийн үр дүнг задлан шинжилж, илүү сайн шийдвэр гаргахад тусалдаг.


4. ТАРХИА ДАСГАЛЖУУЛМААР БАЙНА

Өдөр бүр шинэчлэгдэж байгаа технологийн үрээр бидний тархи улам бүр залхаж, бүтээлч байдал, төвлөрөх чадвараа алдсаар байна. Бичих, унших нь оюун ухаанаа идэвхтэй байлгахад туслах болно.
 


5. ЭНЭ ГАЙХАЛТАЙ ЦАГ МӨЧИЙГ МАРТМААРГҮЙ БАЙНА

Энэ яг цаг хугацаагаар аялаж байгаа мэт мэдрэмж. Өнгөрсөн дэх дурсамж руугаа эргээд очсон мэт, дахиад амьдарч байгаа мэт тийм гайхалтай зүйл. Хэрвээ та төгс оюун ухаантай биш л бол амьдралд тань тохиолдсон баяртай, жаргалтай, сайхан, муухай зүйлсээ мартах л болно. Зарим зүйлсийг мартах хэрэгтэй ч мартах ёсгүй зүйлс гэж бас бий. Түүхийг судлах нэг чухал шалтгаан бол суралцах, сургамж авах явдал байдагтай адил таны алдсан алдаа, оносон оноо бүр давтагдах магадлалтайн дээр бас мартагдах аюултай.


6. ӨӨРИЙНХӨӨ ДОТООД СЭТГЭЛИЙГ ТОЛЬДДОГ ТОЛЬ БАЙДАГ БОЛ...

Та бодож байгаагаасаа илүү нэгэн гэдгээ бичсэн зүйлээсээ олж харна. Бодлоо цэгцэлж, өөрийгөө хэн гэдгээ таньж мэдэх болно. Энэ бол өдрийн тэмдэглэлийн хамгийн чухал ач холбогдол. Дотоод сэтгэлийн толь гэж байдаг аваас тэр нь мөнхүү өдрийн тэмдэглэл билээ.


7. ХУРУУНЫ ДАСГАЛ

Утас бидний гол хэрэглээ болж эхэлснээс хойш эрхий хуруу маань хэвийн үеийнхээс хэт их ачааллыг өөртөө үүрэх болжээ.  Энэ нь урт хугацаандаа гарны маань хүч чадал, уян хатан байдалд сөрөг нөлөөтэй бөгөөд бичих нь хуруунуудын дасгал болдог юм шүү.


8. НУУЦАА ХАДГАЛАХ ИЙМ ХЭЦҮҮ ГЭЖ ҮҮ?

Нууц. Энэ дөрөвхөн үсэгний ард бидний мэдэхийг хүсдэг ч мэдэж чадахгүй аугаа, аймшигтай,  адармаатай түүхүүд хадгалаастай бий. Зарим нь өдийг хүртэл тайлагдашгүй хэвээр. Хэн нэгэнд хэлмээр байвч бусдад тараачих гээд, хэзээ нэгэн цагт илчлэнэ гээд бодоод явавч хэзээ үхэхээ мэдэхгүй тийм л ертөнцөд амьдарч байна. Анне Франкийг мартаагүй биз. Тэр эгэлхэн охин дэлхийн түүхийн агуа их гэрч болж, өсвөр насны олон мянган хүүхдүүдэд итгэл найдвар өгсөөр байгаагийн хамгийн гол зэвсэг нь “Өдрийн тэмдэглэл” байсныг дахин сануулъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.138)