Фейсбүүкээр хүүхдэд хүрэх мэдээлэлд “шүүлтүүр” тавина
Нийгмийн сүлжээ буюу фейсбүүк орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, сөрөг мэдээллийг зогсоох
зорилгоор өнөөдөр “Фейсбүүк” групп, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)
хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум зохион байгуулав.
Монгол Улсын 2.2 сая иргэн фейсбүүкийг тогтмол хэрэглэдэг бөгөөд энэ нь нийт хүн амын 67
хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Уг үзүүлэлтээрээ Монгол Улс Ази тивд тэргүүлж байна гэсэн судалгааг
ХХМТГ гаргажээ. Фейсбүүк нь бусадтай харилцаа, холбоо тогтоох, мэдээлэл солилцох, ашиг олох
зэрэг олон давуу талтай хэдий ч хуурамч хаяг нээж бага насны хүүхдийг гэмт хэрэгт уруу татах,
бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох талбар болж байна. Тиймээс цахим орчны хэрэглээг
хязгаарлах, хуурамч хаягуудыг устгах шаардлагатай байгааг форумд оролцогчид хэлж байлаа.
Бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн, садар самуунд уруу татсан агуулгатай нийтлэл,
материал цацдаг хуурамч хаягуудыг нэн даруй устгадаг болох талаар “Фейсбүүк” группийн
удирдлагуудад санал хүргүүлэх болсныг УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хороо (ЦБТХ)-ны
дарга Н.Учрал хэллээ.