Нэн ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалав
Дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, НМХГ, Нийслэлийн
Цагдаагийн газар хамтран явуулсан шалгалтад Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төв хамрагджээ.
Нийслэлийн Байгаль орчны газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус
худалдаанаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмжийг 2018 оноос эхлэн гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд удаа дараа өгч байгаа боловч уг зөрчил арилахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 онд хийсэн судалгаанаас үзэхэд, унаган байгалийн доройтол 58 хувь байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр тууштай бодлого баримталж ажиллахгүй бол дээрх үзүүлэлт 2020 он гэхэд 67 хувьд хүрэх эрсдэлтэй аж.
Хүрээлэн буй орчны доройтлын олон шалтгааны нэг нь зэрлэг амьтан, ургамлын хэт их ашиглалт байдаг тул нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч эрэлт үүсгэхгүй байх, худалдан борлуулах, хил дамжуулан худалдах гэж буй тохиолдолд Мөрдөн байцаах албаны 9717-7000, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж байхыг нийслэлийн Байгаль орчны газар уриаллаа.