Мөнгө тараасан үйлдлийг сонгуулийн зөрчил гэж үзжээ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын 19 дүгээр тойрогт өнгөрсөн сарын 22-нд болсон дахин сонгуулийн үеэр гарсан хууль бус үйлдлийн талаар эл тойрогт бие даан нэр дэвшигч, МАХН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Манай намыг сонгуулийн тойргийн хороонд бүртгэж аваагүй тул миний бие тус сонгуулийн 19 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн. Тухайн өдөр мөнгө тараасан үйлдлийг баримтжуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Энхбаатар гэж хүн мөнгө тарааж байгаад манай сонгуулийн штабын ажилтанд баригдсан. Тэрээр "19 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Галхүүд саналаа өгөөрэй" гээд мөнгө тарааж байхыг нь хөдлөшгүй баримтаар баталгаажуулж цагдаагийн байгууллагад өгсөн. Гэтэл Прокурорын байгууллагаас үүнийг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзээд, сонгуулийн зөрчил гэж тогтоол гаргажээ. Ингэж хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа нь шударга бусын хонгил манай улсад байгааг илтгэж байна. Дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул, дараагийн шатны хуулийн байгууллагад хандана" гэв.
Тэрээр, "Тус тойрог 7700 сонгогчтой бөгөөд Б.Галхүүд 2200 хүн санал өгсөн. Тэр нэг хүнд 100 мянган төгрөг өгсөн гэж үзвэл, нийт 300 орчим сая төгрөг тараасан байна" гэлээ.