Эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудыг ил болгохыг шаардав
Эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан хүмүүсийг ил болгож, хариуцлага тооцох, хүний эрхийн байгууллагад ирсэн гомдлыг тусгай ажлын баг байгуулж шалгахыг Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комиссоос шаарджээ. Энэ тухай Эрх чөлөө хөдөлгөөн өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа мэдэгдэв.
Эрх чөлөө хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Чимэддорж, “Эрх чөлөөт Ардчилсан Монгол Улсын хууль сахиулах төрийн байгууллага эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан мэдээлэл баримттайгаар ил болж, нийгэм даяараа цочирдон хүлээж авлаа. Энэ нь хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийг зөрчсөн явдал. Түүнчлэн иргэдээс гомдол ирээд
байхад, ХЭҮК, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэрэг төрийн байгууллагууд хуульд заасан үндсэн үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн нь батлагдаж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан бүх хүмүүсийг олон нийтэд ил болгож хуулийн хариуцлага тооцох ёстой. Харин энэ үйл явдалтай холбогдуулан шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль баталж байгаад санал нийлэхгүй байна” гэв.
ХЭҮК 2001 онд байгуулагдсан цагаасаа УИХ-д өргөн барьсан 18 удаагийн илтгэлийн 14-д нь эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар илтгэж байжээ. Мөн НҮБ-ын тусгай элч УИХ-д эрүүдэн шүүхтэй тэмцэх зөвлөмж өгч байсан байна. Тиймээс тус хөдөлгөөнөөс хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд, хүний эрхийг хамгаалах ямар ажил хийснээ олон нийтэд ил болгохыг шаардаж байгаа юм байна. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах төрийн бус болон олон улсын байгууллагатай хамтарсан ажлын баг байгуулж, ХЭҮК, УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ирсэн иргэдийн гомдлыг дүгнэх ажлыг өрнүүлэхийг хүсэж байгаагаа ч мэдэгдлээ.
Мөн тус хөдөлгөөнөөс, эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан албан тушаалтнуудыг шалгадаг Тахарын албыг байгуулах, хүний эрхийг хамгаалдаг байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгосон хууль боловсруулах шаардлагатайг онцлов.
Дээрх шаардлагыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүний эрхийн үндэсний комисст бичгээр хүргүүлэх аж.