Энэ жилийн хөвгүүдийн үсний трэнд
Үс сайхан бол зүс сайхан гэсэн үг байдаг, тиймдээ ч хүмүүс хувцаслалтаас гадна үс засалтдаа анхаарал хандуулах нь элбэг. Охид ч гэлтгүй хөвгүүд үсэндээ анхаарал тавих болсон өнөө үед энэ жил голлох трэнд үсний 6 санааг хөвгүүддээ хүргэж байна.
1. АНДЕРКАТ
Мэдээж хөвгүүдийг хамгийн №1 цэмцгэр харагдуулж чадах үсний засалт бол Андеркат юм. Энэхүү үсний засалт нь 4 жилийн өмнөөс хүчээ авсан бөгөөд өнөө хэр нь үнэ цэнээ алдаагүй яваа эрэгтэй засалт юм. Тэгвэл энэ ондоо ч гэсэн хөвгүүдийн голлох үсний трэнд байх бөгөөд ийм этгээд төрх охидын харцыг булаах нь лавтай.
2. ФРАНЦ МАЯГИЙН БОГИНО ТАЙРАЛТ
Энэхүү үс засалт нь ямар ч толгойн хэлбэрт таардаг бөгөөд арчилгаа багатай үсний засалт юм. Таныг спортлог харагдуулах уг үсний засалт нь энэ оны одуудын голлох үсний засалт болоод байна. Мэдээж хаврын урь орсон өнөө цагт ийм үстэй явах нь амар биш гэж үү?!
3. ЗАМБАРААГҮЙ УНЖУУЛСАН ЧЁЛКТОЙ ҮС
Энэхүү үс засалт нь бүдүүн ширхэгтэй, өтгөн төрлийн үсэнд илүү зохимжтой харагддаг бөгөөд хэрвээ чи шингэн, нарийн ширхэгтэй үстэй бол энэхүү үс засалтаас зайлс хийгээрэй. Энэхүү үс засалтыг хөвгүүд хийлгэснээр ямар ч нөхцөлд яаж ч үсээ янзлах боломжтой бөгөөд хүссэнээрээ налуулж, янзалж болох давуу талтай юм.
4. ТАШУУ ХАГАЛСАН ҮС
Энэ үс засалт нь илүү дипломат, классик байдлыг илтгэдэг бөгөөд залуус бидний хувьд энэхүү стиль нь сонгож болох хамгийн ухаалаг үс засалт юм. Уг үс засалт нь ар болон хажуу хэсгээрээ богино атлаа дээд хэсгээрээ урт байдгаараа онцлогтой.
5. АРАГШ ГЕЛЬДСЭН ГӨЛГӨР ҮС
1920-оод оны ажил хэрэгч эрчүүдийг санагдуулам уг үс засалт нь өнөө хүртэл эрэгтэйчүүдийн ухаалаг сонголт болсоор байгаа юм. Энэ нь классик стилийн хувцас дээр илүү төгс харагддаг. Хэрвээ чи ингэж үсээ янзлахыг хүсвэл эхлээд үсээ угаагаад дараа нь арагшаа хэлбэржүүлэн хатааж вакс эсвэл гель ашиглаарай.
6. DREADLOCK (ДРЕДЛОК)
Өнгөрөгч оны зарим хөвгүүдийн голлох трэнд болсон уг үсний засалт нь цаг үеээ даган өөрчлөгдөн ирсэн олон жилийн түүхтэй юм. Эрх чөлөөтэй, залуулаг байдлыг илтгэх уг үсний засалт нь ихэвчлэн бор арьстай хүмүүс гойд сайхан зохидог.