Цахим сүлжээгээр энх тайвныг тогтоох дэлхийн анхны "Peacebook" форум болов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нийгмийн сүлжээг өргөн ашиглахыг уриалах зорилготой дэлхийн анхны “Peacebook” форум ГХЯ-нд өнөөдөр боллоо.
ГХЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын дипломат төлөөлөгчийн болон суурин төлөөлөгчийн газрууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан форумыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
Форумын үеэр, ГХ-ны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Үндсэрхэг үзэл, хагарал бутрал, үзэн ядалтаас болж хүмүүс хоорондоо дайсагнадаг. Бид алдах эрхгүй, цөмийн зэвсэгтэй ертөнцөд амьдарч байна. Фэйсбүүк нь дэлхийн хэдэн тэрбум хэрэглэгчтэй томоохон платформ. Ноднин “Фэйсбүүк” компанийн төв байранд зочлохдоо, энэхүү платформыг ашиглан энхтайвны үзэл суртлыг дэлхий дахинаа түгээх санал дэвшүүлсэн. Энэхүү саналыг фэйсбүүкээс дэмжихээ мөн илэрхийлсэн. Энэхүү хэлэлцүүлгийн санаа нь нийгмийн цахим сүлжээгээр дэлхийн залууст энх тайван, эв нэгдлийг сурталчилж болно гэдгийг таниулах зорилготой. Тиймээс “Peacebook” буюу энхтайвны ном хэмээн нэрлэсэн” гэв.
Нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбох, илүү үр ашигтай хамтын ажиллагаанд хөтлөх боломжуудын тухай Facebook" группийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.