Ардчилсан нам УИХ-ыг тарахыг шаардан жагсав
ШХАБ-д Монгол Улс элсэхийг эсэргүүцэхээс гадна ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, УИХ-ыг тарахыг шаардсан "Онц их хуралдай" жагсаалыг Ардчилсан намаас Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав.
Жагсаалд Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбооны төлөөлөл нэгджээ.
АН-ын дэд дарга С.Эрдэнэ, "УИХ-ын зарим гишүүн ШХАБ-д нэгдэхээр “кноп дарах"-ад бэлэн болжээ. Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлыг Ардчилсан нам эсэргүүцсээр ирсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд хариуцлагаа хүлээхийг шаардаж байна. Өнөөгийн УИХ албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй. Тиймээс УИХ тарж, шударга ёс, хуулийг дээдэлдэг УИХ бүрэлдэх ёстой гэж бодож байна” гэв.
АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, “Эрх баригч нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг бүгдэд олгоно гэсэн ч өнөөдөр ялгавартай өгч байна. Өрх толгойлсон аав, ээжүүдийг дэмжих ажил хийсэнгүй. Түрүүчийн УИХ хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан олон хууль баталсан байдаг. Гэтэл одоогийн УИХ гэр бүлийн тухай хуулиа ч баталж чадахгүй байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасан хүүхэд, эмэгтэйчүүдийг дэмжих амлалтаа биелүүлэхийг шаардан тэмцэж байна” гэв.