Аялал жуулчлалын компаниуд Монгол Улсаа ОХУ-д сурталчлав
Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын “Байкалтур” олон улсын үзэсгэлэн гуравдугаар сарын 28-30-нд ОХУ-ын Эрхүү хотод боллоо.
Үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз, Алекс тур, Барбарис тур, Грэйт Си тур, Далай тур, Дискавэр Монголия, Легенд Хубсугул, Лэтс трэйвэл, Саян радиан, Холидэй трэйвэл, Хөвсгөл мон трэйвэл компани оролцов.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Цайны зам”-ын олон улсын холбооны гишүүдийн ээлжит хурал болов. Хурлаар гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах, аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.
Түүнчлэн Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамны сайд М.Б.Бадмацыренова Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсын боомт болгоно хэмээн мэдэгдэв. Хөвсгөл нуурын хойд эргийг эмжин байрлах ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг бөгөөд 10 гаруй мянга нь ОХУ-ын жуулчид байдаг аж. Тус боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх боломжгүй байдаг. Харин олон улсын боомт болсноор хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус сум нь аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих боломжтой юм.
Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эергээр нөлөөлж байна. Сүүлийн 3 жил буюу 2016 онд 84 мянга, 2017 онд 106 мянга, 2018 онд 129 мянган жуулчин ОХУ-аас Монгол Улсад зорчжээ.