Цэцэгсийн өнгө ба тэдгээрийн утга учир

Цэцэг бэлгэнд авах дуртай хүн цөөнгүй бий. Тэгвэл та, бидний хэн нэгэнд бэлэглэх гэж буй цэцэгний өнгө юу "өгүүлдэг"-ийг мэдэх үү. Өнгөц харвал цэцэг сонгох нь амархан мэт боловч цаанаа их утга учиртай зүйл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Улаан өнгийн цэцгийг зөвхөн хайртай хүндээ л бэлэглэдэг гэж боддог бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Цэцэгний өнгө ийм учиртай... 

Зөвхөн улаан сарнай их хайрын бэлэг тэмдэг болдоггүй

Зөвхөн улаан өнгийн цэцгийг тэр тусмаа сарнайг их хайрын бэлэг тэмдэг болдоггүй. Сарнайгаас гадна лиш /хадаасан/, сараана, удвал зэрэг бусад олон төрлийн цэцэг байдаг. Улаан өнгө нь хүч чадал, эрх мэдэл, заримдаа түрэмгийллийг ч илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр цэцгүүд нь хүмүүсийн хүчтэй зан чанар, сэтгэлийн эрч хүчний илэрхийлэл болж болно. Харин цэцгийн баглааг бэлтгэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Учир нь улаан өнгөтэй цэцэг нь бусад өнгийн цэцгийг дарангуйлж өнгийг нь бүдгэрүүлэх нь бий.

Цагаан өнгөтэй цэцгийг залуу хүмүүст бэлэглэдэг

Цагаан цэцгийг голдуу залуу хүмүүст бэлэглэдэг. Энэ өнгө нь эмэгтэйчүүдийн цэвэр ариун байдал, үнэнч зан чанар, хүндлэлийн илэрхийлэл болдог байна. Мөн цагаан цэцэг ба хуримын тухай эртний ардын сайхан бэлгэдэл байдаг. Сүйт бүсгүйн баглаа цэцэг дан цагаан цэцэгнээс бүрдсэн байвал залуу хосууд аз жаргалаар дүүрэн, урт удаан амьдралыг туулах болно гэж үздэг.

Ягаан өнгийн цэцэг нь шинэ мэдрэмж, гэнэн хайрын бэлгэдэл 

Танд эрэгтэй хүн ягаан цэцэг бэлэглэсэн бол юу илэрхийлж байгааг нь төвөггүйхэн мэдэж болно. Энэ өнгийн цэцэг танд тааламжтай мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй. Ягаан өнгийн цэцэг нь шинэ мэдрэмж, гэнэн хайр, энхрийлэл, мөн хосуудын хоорондын харилцааг илэрхийлдэг. Хайр дурлалаа илэрхийлэхэд эмэгтэйдээ эхлээд ямар цэцэг бэлэглэх вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Ягаан алтан зул, гербера, ягаан сарнай тохиромжтой. 

Шар өнгийн цэцэгаваад сэтгэлээр унах хэрэггүй 

Хайртай залуугаасаа шар цэцэг авсан бүсгүйчүүд салах хагацлын дохио авч байна гэж сэтгэлээр унадаг. Энэ нь эрт үеэс улбаатай юм байна. Үнэхээр эрт цагт эрчүүд дотно харилцаатай байсан эмэгтэйдээ өөрийн сэтгэл хөрснийг илэрхийлэхдээ шар өнгийн цэцэг илгээдэг байжээ. Гэвч тэр үеийн заншил домог болон үлдэж, олон эрэгтэйчүүд нарны өнгөтэй энэхүү цэцгийг дурлалт бүсгүйдээ бэлэглэдэг болсон байна. 

Орчин үед цэцэгний шар өнгө нь аз жаргал, сайн сайхныг илэрхийлдэг болжээ. Шар өнгийн цэцгийг хүссэн хүндээ баяр баясгалан, баяр хөөр, өөдрөг байдлыг бэлгэдэн бэлэглэж болно. Шар калли, лиш цэцгийг найз охиныхоо төрсөн өдрөөр бэлэглэх нь тун тохиромжтой аж. 

Цэцэгний "ХҮЙТЭВТЭР" хөх өнгө нууцлаг байдлыг илэрхийлдэг

Цэцэгний "хүйтэвтэр" хөх өнгө нууцлаг байдлыг илэрхийлдэг. Хөх өнгийн цэцгийг оньсого мэт өвөрмөц хүмүүст бэлэглэх нь зохимжтой. Цэцэгний хөх ягаан өнгө нь сэтгэл татам, дур булаам байдлыг илтгэдэг. Хайртдаа хөх өнгийн цэцэг бэлэглэх нь өөрийн үнэнч сэтгэл, ариун хайр дурлалын илэрхийлэл юм байна. 

Улбар шар өнгийн цэцэг эрх мэдлийг илэрхийлнэ

Улбар шар өнгийн цэцгийг ажлын газрынхаа дарга, эсвэл хамт ажилладаг хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой гэж үздэг байна. Ийм өнгийн цэцэг нь тухайн хүнээр бахархах бахархал, хүч чадал, санаачилга, идэвхи зүтгэл ба эрх мэдлийг илэрхийлдэг.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, цэцэгсийн өнгө олон утгыг илэрхийлдэг ч таны бэлэглэсэн цэцэгс хамгийн гол нь авсан хүндээ баяр баясгалан авчирч байна гэдэг нь л чухал юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.161.151)