Алина Кабаева монгол үндэстэн гэжээ

ОХУ-ын судлаач, эрдэмтэн Алексей Тенчоя Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан Алтан ордны хаант улсаас хойшхи Орос болон монгол-татар ард түмний түүхэн харилцааг судалдаг байна. Түүний судалгаанд ОХУ-ын түүхэн дэх монгол-татар гаралтай алдартнууд, тэдний түүхэн намтрын тухай судалгаа голчилдог байна. Алексей Тенчоягийн үзэж буйгаар ОХУ-ын Тюмень мужийн төв Тюмень хот нь Монголын “ард түмэн” гэдэг үгнээс гаралтай бөгөөд тус нутагт монголчууд эртнээс суурьшиж байсны илэрхийлэл ньэнэ хэмээн үзжээ. Түүнчлэн Оросын Гаршина, Гарчес, Гольцин, Нарьшкин, Ростопчин, Глинский, Радишчева, Кантемирова, Романовс зэрэг овог, нэрүүд нь монгол-татар гаралтайг тэрээр тогтоожээ. Түүний судалснаар Оросын түүхэнд XVI зууны үед монгол-татар гаралтай язгууртнууд анх бүртгэгдсэн байдаг бөгөөд тухайн үед 120 гаруй монгол-татар гаралтай хүн язгууртнуудын тоонд багтаж байжээ. Тухайлбал, хаад, хунтайж нарын гэргий болон анх Орост очиж байсан Соломон Сабуров, Ирина Годунов, Марта Апраксина зэрэг монгол-татар гаралтай хатдыг нэрлэж болох аж. XIX зууны эцэс гэхэд Оросын түүхэнд 70 мянга орчим монгол-татар гаралтай хүн язгууртнуудын тоонд багтжээ. Түүнчлэн одоо үед нэр алдраа дуурсгаж яваа алдартнууд дунд ч монгол-татар гаралтай хүмүүс олон байдаг аж. Тухайлбал, Земфира, Алсу, Альберт Асадуллин, Дима Билан, Гоша Куценко, Татьяна Буланова, Юрий Шевчук зэрэг дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч, продюсеруудийг нэрлэж болох аж. Мөн төрийн өндөр албан тушаалтан дунд ч монгол-татар гаралтай эрхэм байдаг байна. Тэр нь, Төрийн Думын хоёрдугаар орлогч дарга Михаил Слипенчук аж. Түүнээс гадна жүжигчин Марсел Салимжанов, найруулагч Чулпан Хаматова, Марат Башар, Рената, Литвинова, жүжигчин, найруулагч Сергей Шакур нар өдгөө Оросын алдартнуудын тоонд зүй ёсоор багтаж байгаа монгол-татар гаралтай хүмүүс юм.

Тамирчдаас дурдвал, олимп, дэлхийн аварга гэгддэг Алина Кабаева, 1988 онд дэлхийн №1 хаалгач гэгдэж байсан хөлбөмбөгчин Ринат Дасаев нар монгол-татар гаралтай алдартнууд юм. Алина Кабаевын эцэг Марат Вазыхович Кабаев нь татар үндэстэн, мэргэжлийн хөлбөмбөгч байжээ. Алина Кабаева нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний шинэ эхнэр гэгддэг бөгөөд тэднийг өнгөрсөн жил хүүхэдтэй болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн ч энэ нь албан ёсоор батлагдаагүй юм. Кабаеваг хүүхэд төрүүлсэн мэдээллээс тун удалгүй буюу өнгөрсөн зургадугаар сард Владимир Путин олон жил ханилсан эхнэр Людмилагаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан билээ. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, улстөрч Алина Кабаева нар хуримын ижил бөгж зүүсэн байгааг хэвлэлүүд мэдээлж байсан юм. Олимпийн аварга Алина Кабаева нь спортоос зодог тайлж улстөрд хөл тавиад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрээр 2007-2014 онд “Нэгдсэн Орос” намаас Төрийн думд депутатаар ажилласан бөгөөд 2014 оны есдүгээр сараас эхлэн Оросын “Үндэсний медиа групп”-ын удирдах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа юм. “Үндэсний медиа групп” нь Оросын томоохон телевиз, сонин, вэбсайтыг нэгтгэсэн Кремлийг дэмжигч групп юм. Түүнчлэн цэрэг, армийн алдартай генералууд дотор ч монгол-татар гаралтай хүмүүс олон байдгийг тэрээр дурджээ. Монгол-татар гаралтай зохиолчдыг нэрлэвэл, Достоевский, Иван Тургенев, Алексей Пешков буюу Максим Горький нарыг нэрлэж болох юм. Түүнчлэн Оросын алдарт яруу найрагч Пушкин өөрийн өвөг дээдсийг Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн Абрам Ганнибал болон Татарын Ражу үндэстэн байсан хэмээн дурссан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.65.198)