Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй

Говь-Алтай аймгийн хэмжээнд БЗХӨ-ий гаралт хэр байгаа, үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулж буй талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ, ДОХ-ын эмч П.Булгамаагаас тодрууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Говь-Алтай аймгийн хүн амын дундах БЗХӨ, ХДХВ-ын өвчлөл хэр байна, он гарсаар хэчнээн хүн мэргэжлийн эмчид хандсан бэ?

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт он гарсаар хамгийн олон бүртгэгдсэн БЗХӨ бол заг хүйтэн байна. Уг өвчнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ихэссэн үзүүлэлттэй байгаа. Тодруулбал 2018 оны нэгдүгээр улиралд заг хүйтэн дөрөв бүртгэгдсэн бол энэ онд 20 болон нэмэгдсэн. Өмнө нь манай аймагт жилийн эцсийн дүнгээр 20 байсан бол энэ удаа зөвхөн улирлын хэмжээнд 20 бүртгэгдсэн нь бэлгийн замаар дамжих халдвар ерөнхийдөө ихэсч байна гэсэн үг. Түүнчлэн бэлгийн үү болон эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэн мөөгөнцөрийн өвчлөл нэмэгдэж байна.

-Ямар учраас ихсээд байна вэ? Өвчлөгсөд хэдий орчим насныхан байгаа вэ?

-Ерөнхийдөө бэлгийн замаар дамжих халдвар ихсээд байгаа нь залуус олон бэлгийн хавьтагчтай байгааг илтгэж байгаа юм. Насны хувьд 24-39 насны залуу үеийнхэн БЗХӨ-өөр өвчлөх нь ихэсч байгаа. 

-БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмнэлэг, эмчийн зүгээс ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Энэ оны нэгдүгээр улиралд аймгийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг цөөн явууллаа. Аймгийн Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Нүүдлийн амбулатори” үзлэг удахгүй хийнэ. Одоогоор яг хэзээ вэ гэдэг тов нь гараагүй байна. Түүнчлэн БЗХӨ хариуцсан эмч шинээр нэмэгдэж байгаа учир урьдчилан сэргийлэх үзлэгийг олон удаагийн давтамжтай явуулах боломжтой болж байгаа юм. 

-Тэгвэл залуус энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Аль болох тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, бие биедээ үнэнч байх ёстой. Хэрвээ тохиолдын бэлгийн хавьталд орсон бол цаг алдалгүй заавал нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой. Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй.

-БЗХӨ-ий халдвар авсан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

-БЗХӨ-ий халдвар авсан үед хэд хэдэн шинж тэмдгүүд илэрдэг. Тухайлбал, шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах, шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх, хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх, бэлэг эрхтний орчим загатнах шинж тэмдэг илэрдэг. Мөн өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно. Тус өвчнүүдийн нууц үе гэж байдаг гэдгийг анхаарах ёстой.

-БЗХӨ бүрэн эмчлэгддэг үү?

-ХДХВ/ДОХ –оос бусад БЗХӨ төгс эмчлэгдэх боломжтой. Эмчийн өгсөн эмийг өвчний шинж тэмдэг арилсан ч гүйцэд ууж дуусгах хэрэгтэй. Харин эмчилгээг дутуу орхивол олон хүндрэлүүд гардаг. Жишээ нь: бага аарцагны эрхтэний үрэвсэлт өвчин даамжрах, үргүйдэл, умайн гадуур жирэмслэх, шээсний сүв нарийсах, төрөх хүүхэд зулбах, амьгүй төрөх гэх мэт. Мөн бэлгийн хавьтагчтайгаа ярилцаж эмчилгээг хамт хийлгэх шаардлагатай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.129)