“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдах хороо хуралдав
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн гуравдугаар үе шат энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Дээрх төслийн удирдах хорооны анхдугаар хурал өчигдөр Улаанбаатар хотноо боллоо.
Энэхүү хуралд Германы Хүнс, хөдөө аж ахуйн яам, "ГФА Консалтинг" групп, төсөл хэрэгжүүлэгч "ИАК Аграр Консалтинг" ХХК-ийн төлөөлөгчид, ХБНГУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн, Монгол Улсын ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгч, ХААИС-ийн удирдлага оролцсон юм.
ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга, Удирдах хорооны дарга Ц.Болорчулуун, Үр, сортын аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь эрсдэлийн менежмент, тогтвортой хөрс ашиглах гэсэн сэдвийн хүрээнд хэрэгжиж буй дээрх төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, яамнаас төслийн ажлыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Германы ХХААЯ-ны төлөөлөгч хатагтай Н. Конле, тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэндчилгээг дамжуулж, өнгөрсөн хоёрдугаар үе шатны ажлын үр дүн сайн гарч, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр болсонд таатай байгаагаа илэрхийлэв.
Төслийн удирдагч, доктор А.Катер, төслийн хоёрдугаар үе шатны сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэх концепц, хойтон хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөө танилцууллаа.
Мөн үеэр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд, төслийн мэргэжилтэн, доктор Б.Эрдэнэболор, “Суурь судалгаа”-ны үр дүнг танилцуулж, оролцогчидтой харилцан санал солилцсон. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгахаар тогтлоо.
Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төслийн зарим үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахаар болов.