Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад болно
ХААН Банкны Гүйцэтгэх захирал агсан Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг энэ жил найм дахь жилдээ зарлалаа.
Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад энэ сарын 20-23-нд болох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө.
Нэг сургуулиас дээд тал нь хоёр баг оролцох төдийгүй хөдөө орон нутагт салбартай сургуулиудын хувьд орон нутгийн нэг баг сойх боломжтой юм. Баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн хувьд банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутан байна. Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцоно. Харин багт ороогүй оюутан ганцаарчилсан төрөлд оролцох боломжгүй юм байна.
Тэргүүн байр эзэлсэн баг Шилжин явах цом, өргөмжлөл, 1.5 сая төгрөг хүртэх бол дэд байрын эзэн багийг цом, өргөмжлөл, 1 сая төгрөг хүлээж буй. Харин ганцаарчилсан төрөлд эхний гурван байрын эзэд өргөмжлөл, мөнгөн шагналтай. Мэдээж хэрэг уламжлал ёсоор эхний таван байранд шалгарсан оюутнуудад ХААН банканд ажилд орох урилга болон 3-р курсын шилдэг 1 оюутан Питер Морроугийн нэрэмжит 500.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг (3-р курсын оюутан эхний 5 байранд шалгарсан тохиолдолд ажилд орох урилга нь нэг жилийн хугацаанд хадгалагдана) хүртэнэ.
ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн явуулах юм. Олимпиадын бүртгэл ганцхан өдөр буюу 4-р сарын 15-нд болох тул оролцохыг хүссэн оюутнууд ХААН Банк цамхагт 10:00-17:00 цагт ирж бүртгүүлэх ёстой.