Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор Монголын “Монгол Шевро”, “Мон Ирээдүй” компани болон Японы “Ямагүчи Сангёо” компани энэ сарын 18-нд “Рассети” идээлэх технологи нэвтрүүлэх хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ямагүчи Сангёо” компани Монгол улсад шилдэг технологи нэвтрүүлэх, арьс ширэн бренд хөгжүүлэх суурь судалгааг энэ оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж байна.

Ямагүчи Сангёо компанийг 1938 онд Токио хотын Сүмида дүүрэгт үүсгэн байгуулснаас хойш 3 үе дамжин тасралтгүй үйл ажиллагаа явуулж 1990 онд Рассети идээлэх шинэ технологи боловсруулан хөгжүүлсэн байна. Энэхүү технологи нь russet буюу унасан навч гэсэн утгатай үг бөгөөд Мимоза модны мөчрөөр хийсэн ургамлын идээлгийг ашигладаг тул үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм.

Энэхүү технологиор боловсруулсан арьс ширийг нярай хүүхэд болон эмзэг арьстай хүн хэрэглэж болдог ба боловсруулах явцад гарсан хаягдал ус нь хромын агууламжгүй байдаг онцлогтой технологи аж.

Технологийг нэвтрүүлснээр монгол малын хишиг болох арьс ширийг дэлхийн стандартаар боловсруулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.63.252)